Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Үндэсний статистикийн хороо хамтран “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээ” түүвэр судалгаа хийжээ. Улсын хэмжээний өрхүүдээс түүврийн аргаар 5297-г нь сонгож, уг судалгаанд хамруулсан байна. Тэдгээр өрхийн 15 болон түүнээс дээш настай бүх хүнийг буюу 9144 иргэнийг үүнд хамруулжээ. Уг түүвэр судалгаагаар иргэд сүүлийн гурван сард компьютер, интернэт хэрэглэсэн, эсэхийг тодруулсны зэрэгцээ ямар зорилгоор, хаана ашигласныг нь лавласан байна. Судалгаанд хамрагдсан 15 болон түүнээс дээш настай иргэдийн 31.5 хувь нь сүүлийн гурван сард компьютер хэрэглэсэн байна. Оршин сууж буй газраар нь ангилж үзвэл, Улаанбаатар хотын оршин суугчдын 39, аймгийн төвийнхний 31.7, сумын төвийнхний 25.7, хөдөөгийн багийн иргэдийн 15.3 хувь нь компьютер хэрэглэжээ.
Тэгвэл судалгаанд оролцогчдын дийлэнх буюу 84.3 хувь нь сүүлийн гурван сард интернэт хэрэглэсэн гэж хариулжээ. Хотод амьдардаг иргэдийн 88.6, хөдөөгийн хүмүүсийн 72.6 хувь нь интернэт ашигласан байна. Иргэд ямар зорилгоор интернэт ашигласныг тодруулахад 95 хувь нь мэдээлэл авах зорилготой гэдгээ илэрхийлжээ. Түүнчлэн 53.2 хувь нь харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, 42.9 хувь нь цахим худалдаа хийх зорилгоор интернэтэд нэвтэрчээ. Харин мэдлэгээ дээшлүүлэх, сурч боловсрох зорилго тавьсан иргэдийн хувь маш бага буюу 28-тай аж. Үүнээс гадна иргэд интернэтийг голчлон хаана ашигласныг нь тодруулахад 95.6 хувь нь “Гэртээ” гэсэн хариултыг сонгосон байна.
Мөн иргэдийн интернэт ашигласан давтамжийг судлахад олонх буюу 84.5 хувь нь өдөр бүр хэрэглэдэг гэжээ. Харин 12.2 хувь нь долоо хоногт багадаа нэг удаа, 3.3 хувь нь сард нэг удаа интернэтэд нэвтэрсэн байна. “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээ” түүвэр судалгаагаар иргэд ямар төхөөрөмж ашиглан интернэт ашиглаж буйг гаргажээ. Уг судалгаагаар иргэдийн 99.2 хувь нь гар утсаараа интернэтэд ордгийг тогтоожээ. Мөн 17.4 хувь нь зөөврийн, 11.5 хувь нь суурин компьютер ашигладаг гэсэн байна. Судалгааны зарим дүн болон иргэдийн харилцаа холбоо, технологийн хэрэглээний талаарх тоон мэдээллийг инфографикт үзүүллээ.