Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь Дэл уул, Цагаан суварга зэрэг түүхэн дурсгалт газар, аялал жуулчлалын идэвхтэй бүсийг улсын тусгай хамгаалалтад авах ажил урагштай байгаа талаар “Дэл уулын гайхамшиг” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Батмөнх мэдээллээ. Тухайн бүс нутгийг зорих гадаад, дотоодын жуулчдын тоо эрс нэмэгдсэнтэй зэрэгцээд экосистемийг хамгаалах асуудал хурцаар хөндөгдөх болсон учир дээрх байгууллагынхан эдгээрийг улсын тусгай хамгаалалтад авхуулах, кадастрын бүртгэлд оруулах чиглэлээр орон нутгийн иргэдтэй хамтран тууштай ажиллаж буй. Холбогдох байгууллагуудад санал дэвшүүлж, удаа дараа хандсан. Тэгвэл шат шатны байгууллагынхан тэдний саналыг хэлэлцээд Дэл уул, Цагаан суварга орчмын 336 мянган га талбайг улсын тусгай хамгаалалтад авах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрчээ. Өдгөө үүнийг Засгийн газарт танилцуулахаар бэлтгэл ажлаа базааж буй гэнэ. Хэрэв судлаач, мэргэжилтнүүдийн тогтоосон хэмжээгээр дээрх газруудыг тусгай хамгаалалтад авбал Өлзийт сумын нийт нутгийн 20 орчим хувь нь улсын хамгаалалтад багтах нь. Ташрамд дурдахад, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрынхан Цагаан суварга орчимд жуулчдад зориулсан отоглох цэг байгуулахаар төлөвлөөд байна.