Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт эрс ихэсжээ. Тархалтыг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 10 дахин нэмэгдсэн гэнэ. Ялангуяа орон нутагт илүү идэвхжих болсон байна. 2021-2022 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлыг энэ сарын 14-нөөс эхлүүлсэн, улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг цуцалсан зэрэг нь уг өвчний тархалт ихсэхэд нөлөөлсөн гэж ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн эмч Ч.Уртнасан хэлэв. Харин өнгөрсөн оны мөн үед улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, сургууль, цэцэрлэгүүд хаалттай байснаас томуугийн өвчлөл өргөн хүрээнд тархаагүй гэнэ. Улсын хэмжээнд өдгөө амбулаторийн нийт үзлэгийн найман хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа аж. Нийслэлд эл үзүүлэлт дөрвөн хувьтай бол аймгуудад 10 хувьд хүрчээ. Уг үзүүлэлт 15 хувиас ихэсвэл аюултай түвшинд хүрсэн хэмээн үздэг билээ.
“Томуу, томуу төст өвчний тархалт өнгөрсөн долоо хоногийнхоос 7-37 хувиар нэмэгдлээ. Зургаан аймагт халдвар өргөн хүрээнд тархсан. Өвчилсөн хүмүүсийн талаас илүү буюу 56 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд. Тэр дундаа ес хүртэлх насны хүүхдүүд өвчлөх тохиолдол өнгөрсөн долоо хоногоос эхлэн нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор улсын хэмжээний эмнэлгүүдийн хүүхдийн тасгуудад одоогоор 600 ор нэмэлтээр гаргасан. Томуугийн H3N2 вирус, томуу төст өвчин риновирусийн тархалт их байгаа” гэж Ч.Уртнасан хэллээ
Бэлтгэсэн М.Оч