-Б.Шинэбаатарын гэр, хамаарал бүхий аж ахуйн нэгжид нэгжлэг хийлээ-
Гэхдээ өнөөдөр УИХ-д сууж буй МАН-ын гишүүд нь сугараад үлдчих вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд байгаа нь үнэн. Тухайлбал, Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа хамт төр түшилцэх болсон Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” гэх компанид 33 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгосон нь албан тушаалаа ашигласан байж болзошгүй үйлдэл учраас АТГ-ынхан “Хөгжлийн банк”-ны гэх хэргийн хүрээнд шалгах нь тодорхой болсон.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт төрсөн дүүгийнхээ нэр дээрх компанид давуу байдал олгоход улс төрд нөлөө бүхий албан тушаалаа ашигласан байж болзошгүй үйлдэлд ч шалгуулах магадлалтай байгаа.
Ер нь бол Монгол Улсад ашигтай ямар ч бизнес байсан УИХ-ын гишүүн нь мэдээлэлд ойр эрх мэдлээ ашиглаж хувийнхаа болон хамаарал бүхий хүмүүсийнхээ компанид зээл авч бусдын боломжийг хулгайлж болохгүй нь ойлгомжтой. Тэгэхээр зээл авах, олгоход хууль зөрчин албан тушаалаа урвуулан ашигласан, 10 хувийг нь аваад Хөгжлийн банкныханд нөлөөлсөн улстөрчид, хахууль авч нэн хөнгөлөлттэй зээл олгосон тус банкны эрх мэдэлтнүүд, зээлээ хугацаанд нь төлөөгүй, өөр зүйлд зарцуулсан, шаардлагад нийцэхгүй зүйл барьцаалсан аж ахуйн нэгжийн удирдлагыг шалгах ёстой.
Харин зээлээ зориулалтын дагуу зарцуулж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэн, улс эх орны хэрэгцээг хангаж байгаа, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулж, гадаадад гаргах боломж бүрдүүлсэн аж ахуйн нэгжийнхнээ ялгаж салгах нь зүйд нийцэх биз ээ. Өөрөөр хэлбэл, ханшийн зөрүүгээс шалтгаалж чанаргүй зээлдэгч гэсэн ангилалд орчихоод буй аж ахуйн нэгжүүдээ харж үзэх, үүнээс болж эрсдэл үүрч болзошгүй гэдгийг тооцоолоогүй, ажилдаа хайнга хандсан Хөгжлийн банкны албан тушаалтнуудыг, цаашлаад төгрөгийн ханшийг асар ихээр унагахад нөлөөлсөн Монголбанкны албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой санагдана.
ХЭД ХЭДЭН КОМПАНИЙН БАЙРАНД НЭГЖЛЭГ ХИЙЛЭЭ
“Хөгжлийн банк”-ны гэх хэргийг шалгах АТГ-ын ажлын хэсгийнхэн нэлээд ачаалалтай ажиллаж, зээлдэгч аж ахуйн нэгжийнхний санхүүгийн бичиг баримт, зээлийн гэрээ зэргийг хураан авч аудитын болон шинжээчийн дүгнэлт гаргуулахаар ажиллаж байгаа юм билээ. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд АТГ-ынхан найман объектод нэгжлэг хийсэн тухай цахим хуудсандаа мэдээлэл байршуулсан бөгөөд тэдний нэлээд нь дээрх хэргийг шалгах хүрээнд прокурорын зөвшөөрөл, хяналт дор хийсэн ажиллагаа гэнэ. Уг нэгжлэг өнгөрсөн өдрүүдэд ч үргэлжилсэн юм. Эх сурвалжуудын мэдээлснээр Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Ууганбаярын үүсгэн байгуулсан “Нью Яармаг хаусинг прожект” болон хамаарал бүхий бусад аж ахуйн нэгжийн гурван объектод өнгөрсөн даваа гарагт нэгжлэг хийж, санхүүгийн бичиг баримтыг нь хураан авсан байна. Нэр дурдсан дээрх компаниараа дамжуулж “Шинэ Яармаг” төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 2015 оны тавдугаар сард 142.4 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд 59.4 тэрбумыг нь төлжээ. Үлдэгдэл нь өдгөө 117.9 тэрбум төгрөг бөгөөд зээлийн хугацаа нь 56 сараар хэтрээд буй гэсэн. Тиймээс Хөгжлийн банкныхан чанаргүй зээлдэгчийн ангилалд оруулсан юм.
Тэгвэл АТГ-ынхан өчигдөр Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатарын гэр болон хамаарал бүхий аж ахуйн нэгжийн байранд прокурорын хяналт дор нэгжлэг хийсэн байна. Мөн өчигдөр тус банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг цагдан хорих саналыг хэлэлцэх байсан ч яллагдагч хэргээ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзав. Ингэснээр өнөөдөр тус шүүхийн нийт шүүгч зөвлөлдөж түүний татгалзал үндэслэлтэй, эсэхийг хэлэлцэхээр боллоо.
УЕПГ-ынхан өнгөрсөн сард Хөгжлийн банкны удирдлагатай уулзан, эргэн төлөлт нь эрсдэлд орсон, чанаргүй зээлийн талаар ярилцаж, заримыг нь АТГ-т шилжүүлэн шалгуулах шаардлагатай гэж үзсэн байдаг. Улмаар нэр бүхий 66 зээлдэгчийн 75 зээлийн жагсаалтыг мөрдөн шалгах байгууллагад хүргүүлж, зээл олгохдоо Хөгжлийн банкныхан хээл хахууль авсан, эсэх, түүнийг өгөхөд төрийн өндөр албан тушаалтнууд нөлөөлсөн, үгүй, зээлийг зориулалт бусаар зарцуулсан, татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан байж болзошгүй үйлдлүүдийг шалгаж, ийнхүү нэгжлэг хийсэн байна.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа өнгөрсөн долоо хоногт хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хөгжлийн банкны зээл олголттой холбоотой асуудлуудыг өмнө нь эрүүгийн журмаар шалган прокурорын байгууллага хяналт тавьж байсан. Мөн төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр иргэний журмаар нэхэмжлэл бичсэн тохиолдол цөөнгүй. Эцэслэн шийдвэрлээгүй нэхэмжлэл, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэргүүд ч одоо бий. Прокурорын хяналтад өнөөдрийн байдлаар тус банктай холбоотой, АТГ-ынхны шалгаж буй хэрэг бүртгэлтийн ес, мөрдөн байцаалтын дөрөв, цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гурван хэрэг байна. Өмнө нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүлсэн хэрэг дөрөв байгаа.
Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд ЗГХЭГ болон Хөгжлийн банкнаас 2019, 2020 онд гаргасан хүсэлтийн дагуу найман зээлтэй холбоотой асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх ажиллагаанд прокурор төрийн нэрийн өмнөөс оролцсон. Тодруулбал, “Хөтөл” ХХК-ийн 61.2 сая ам.доллар, “Эрэл” ХХК-ийн 23 сая ам.доллар, 13 сая евро, “Бэрэн групп”-ийн 27.2 сая ам.доллар, ТОСК-ын 57 сая ам.доллар, “Монгол драй милк” ХХК-ийн 14.9 сая ам.доллар, “Капитал” банкнаас дамжуулан зээлсэн 68.1 тэрбум төгрөг, “Бишрэлт групп” ХХК-ийн хамаарал бүхий аж ахуйн нэгж болох “Монгол мах экспо”, “Монгол эм импекс концерн” ХХК-ийн 30.3 сая ам.доллар, “Кью эс си” ХХК-ийн 71.3 сая ам.доллар, “Ган хүдэр орд” ХХК-ийн таван тэрбум иений зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхэд прокурорыг оролцуулах тухай хүсэлт хүлээн авч, шийдвэрлэсэн” хэмээн өгүүлсэн билээ.
“БЭЙЗМЕНТ”, “НАЗУ ПРОПЕРТИ”, “БАГАНУУР”-ЫН ЗЭЭЛИЙГ СЭРГЭЭН ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
Хөгжлийн банктай холбоотой, эрүүгийн журмаар шалгаж, шийдвэрлэсэн хэрэг, материалыг НПГ-ынхан хянаад 19-ийг нь сэргээж, АТГ-ын ажлын хэсгийнхнээр шалгуулахаар хүргүүлсэн юм. Тэдний дотор хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, Эдийн засгийн хөгжлийн сайд асан “Фортуна” хэмээх Н.Батбаярт холбогдох үйлдлийг сэргээхээр болсон тухай албан бус мэдээлэл байна. Албаны эх сурвалжууд энэ талаар тодорхой хариулт өгөхийг хүссэнгүй. Н.Батбаярыг өмнө нь эрх мэдлээ хэтрүүлж улсад хоёр тэрбум 35 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутган шалгасан бөгөөд сайд байхдаа Засгийн газрын 2013 оны 124 дүгээр тогтоолд засвар хийж, Халзанбүргэдтэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замыг шинээр барих замын жагсаалтад оруулснаар дээрх хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулсан. Чухам хэчнээн хэргийг сэргээн шалгаж болзошгүй талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа ярилцлагадаа “УЕПГ-аас Хөгжлийн банктай холбоотой нийгэмд үүсээд байгаа асуудлаар буюу тус банк байгуулагдсан 2011 оноос хойш шийдвэрлэсэн хэрэг, материалуудыг хянаж, гарч байсан шийдвэрүүдийн үндэслэлийг танилцуулах үүргийг прокурорын бүх нэгжид өгсөн. НПГ-аас Хөгжлийн банктай холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн, хаасан болон хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 50 орчим хэрэг, материалыг нэгбүрчлэн хянаад дуусаж байна. Удахгүй тухайн хэрэг, материалуудыг сэргээн шалгуулах шаардлагатай, эсэх талаар шийдвэр гарна. Мөн тус банк байгуулагдсан цагаасаа хойш иргэний журмаар шүүхэд гаргаж байсан нэхэмжлэл, холбогдох шүүхийн шийдвэрүүд, нэхэмжлэлүүдэд эрүүгийн журмаар шалгуулах шаардлагатай асуудал байсан, эсэхийг судалж байгаа. Түүнчлэн өмнө нь УИХ-аас байгуулагдан Хөгжлийн банкийг шалгаж байсан ажлын хэсгийн дүгнэлтүүдтэй танилцан, АТГ-т одоо шалгаж буй хэрэгтэй хамтатган шалгуулах, эсэхийг шийдвэрлэнэ” хэмээсэн юм.
Тэгвэл сэргээн шалгаж эхэлсэн 19 хэрэг дотор Худалдаа хөгжлийн банкныхны хамаарал бүхий “Бэйзмент” ХХК-ийнхны үйлдэл бий. Тус компани “Цементийн үйлдвэрлэлийн чулуунцар үйлдвэрлэх технологийн II шугамыг хуурай аргад шилжүүлэн цемент үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилд нэг сая тн хүргэж өргөтгөх, ил уурхай, автотээврийн цогцолбор байгуулах” нэрээр Хөгжлийн банкнаас таван жилийн хугацаатай, жилийн 8.1 хувийн хүүтэй, 61 265 000 ам.долларын зээл 2012 оны аравдугаар сарын 19-нд авсан ч төлөөгүй гэх.
Мөн дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг “Багануур” ХК-ийнхны авсан, нүүрсний уурхайн хүчин чадлыг өргөтгөхөд зориулсан 18.6 тэрбум төгрөгийн зээлийн зарцуулалттай холбоотойгоор албан тушаалтнуудыг нь шалгахаар болсон гэнэ.
Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг дахин төлөвлөх” төслийн хүрээнд “Назу проперти” ХХК-ийн авсан зээлийн асуудлыг сэргээн шалгаж эхэлсэн байна. Тус компани нь “Ховдын тулга”, “Дорнын талст” ХХК-тай түншлэн 1.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий хоёр төслийн гүйцэтгэгчээр шалгарсан байдаг. Гэвч ажлаа хийлгүй түншилсэн аж ахуйн нэгжтэйгээ Хөгж лийн банкны зээлтэй холбоотой маргаан үүсгэж шүүхээр заргалдсан түүхтэй. Гэрээний хугацаанд барилга байгууламжаа ашиглалтад оруулаагүй учраас нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрынхан “Назу проперти” компанийг шүүхэд өгөөд байв. “Назу проперти” ХХК-ийнхны буруугаас олон айл хохироод буй талаар манай сонин 2019 онд сурвалжлан бичиж байсан билээ.
Бэлтгэсэн Г.Равжаа