Харин одоо тэд, тус намын нөлөө бүхий гишүүд нь үүнийг эргэж харах ёстой мэтээр ярьж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах өөр бусад асуудал ч орхигдсон зэргээр ухуулах болов. Иймд хоёр жил гаруйн өмнө буюу 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах парламентын хэлэлцүүлэг ид өрнөж байх үед Ардын намынхан “давхар дээл”- ийг тайлах ёстой талаар хэрхэн байр сууриа илэрхийлж, батлуулсныг сануулъя.
2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт өөрөөс нь гадна “давхар дээл”-тэй дөрвөн сайд ажиллаж буй. Харин УИХ-ын дөрвөөс илүүгүй гишүүн сайдаар ажиллаж болохоор хуульчилсан эл нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуультай нийцэж буй, эсэхийг Цэц хэрхэн шийдвэрлэх нь анхаарал татаж байна. Гэвч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан эл хуралдаан мартагдах шахаж, өнөөгийн эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах өөр нэг хувилбар боловсруулж байгаа гэх мэдээлэл чих дэлсэх болсон. Аль нь байлаа ч “давхар дээл”-ийг хязгаарлаж, засаглал хоорондын хяналт, тэнцвэрийг хангах гэсэн алхмаасаа Ардын намынхан ухрах нь хэмээн хардах хүн олон бий. Үнэхээр ч УИХ-ын гишүүн сайдаар давхар ажилласнаас үүдэлтэй гажуудлыг засах гэж л Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж буй мэтээр өнгөрөгч парламентад ч олонх байсан өнөөгийн эрх баригчид онцолсон нь их. Үнэмлэхүй олонх нь л батлах учиртай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэгэн ололт нь “давхар дээл”-ийг хязгаарласан явдал гэж даанч их сайрхсан.
Ц.Мөнх-Оргил:
-Сайд нар нь дан, эсвэл давхар “дээл”-тэй байх юм уу гэдгийг нэг тийш болгох нь зүйтэй. Хоёрын хооронд, өөх ч биш, булчирхай ч биш байж болохгүй. Сайд нараас дөрөв нь УИХ-ын гишүүн байж болно гэх атлаа Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүдийг шууд томилохоор байна. Засгийн газрын тэргүүн УИХ-ын 76 гишүүнээс нь тэр, тэрийг сайдаар авсан шүү гэж байгаатай адил юм. Сайд нар нь сайдаа хийгээд, Ерөнхий сайд нь Засгийн газраа тэргүүлээд явъя. Эсвэл УИХ-ын гишүүдийнхээ тоог нэмээд парламент дотроосоо 100 хувь бүрдүүлээд явдаг болох хэрэгтэй. Ингэхгүй бол нөгөө дөрвөн хүнд нь багтах гээд бөөн хэрүүл болно шүү. УИХ, Засгийн газрын ажлыг зааглая гэсэн, Үндсэн хуульд оруулахаар зорьж байгаа гол санаа чинь хэрэгжихгүй.
(УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулган, зургадугаар сарын 14-ний нэгдсэн хуралдаан)
Ц.Нямдорж:
-Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх, сайд нарын “давхар дээл”-ийг тайлах тухай асуудлыг Ц.Элбэгдорж гэдэг хүн Ерөнхийлөгчийнх нь бүрэн эрхийн хугацаа дуусаад ирэхээр ярьж, босгосон түүхтэй. “Давхар дээл”-ээ тайл гэж Н.Алтанхуягийн Засгийн газрынхныг удаа дараалан шахсаар байгаад унагасан. Энэ бол нэг намын асуудал биш. Олон нийт хүсэж, хүлээгээд байгаа энэ асуудалд ямар нэгэн шийдэл байх ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах улс төрийн нөхцөл ойрын 10, 15 жилд бүрдэхгүй. Одоо нэг ч болов заалтыг нь шийдье.
(УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы есдүгээр сарын 6-ны нэгдсэн хуралдаан)
С.Бямбацогт:
-Гүйцэтгэх засаглал нь гүйцэтгэх засаглал шиг, хууль тогтоох нь хууль тогтоогч байгууллага шиг байя. Эрх мэдлийнх нь ялгаа, заагийг нь ингэж гаргаж өгч байж бид урагшилна. Тэгэхгүй бол өнөөдөр бүгдээрээ Үндсэн хуулиар олгосон гээд эрх мэдлээ булаалцалдаж байна. Оролцохгүй ч юм байхгүй боллоо. Ерөнхийдөө 76 Ерөнхий сайдтай болчихоод байгаа юм. Тиймээс эрх мэдэлд дуртай УИХ-ын гишүүн байхаа больчихъё гэдэг үүднээс Үндсэн хуулийн өөрчлөлт хийхээр ярьж байгаа. Өөрөөр хэлбэл, “давхар дээл”-тэй УИХ-ын гишүүн, сайд байхаа больё гэсэн үг. Эрх мэдэлд дуртай байсан бол УИХ-ын эрх мэдлийг нь улам л овоолно шүү дээ. “Давхар дээл”-тэй байхыг хүссэн бол би Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй. Давхар, давхар “дээл” өмсөөд, даахгүй байж бүх эрх мэдэлд шунаад байх хэрэггүй. Үүнийг шийдэх гэж л Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгааг бид нар ойлгох ёстой. Бид “давхар дээл”-ийг тайлахгүй бол нийгмийн захиалга, ард түмний хүлээлт талаар болно. Дараа нь үүний цаадах улстөржилтийг яаж даах юм бэ.
Д.Лүндээжанцан:
-Сайд нар “давхар дээл”- тэй байх явдал парламентын засаглалтай улс оронд бий. Гэхдээ 500 гишүүнтэй парламент, 76 хүнтэй парламент хоёр өөр учраас бид “давхар дээл”-ийг нь тайлуулахаас аргагүй. Ер нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг гол үзэл баримтлал бол Ерөнхий сайд нь өөрөө танхимаа бүрдүүлээд, УИХ-ын өмнө хариуцлагаа хүлээж, хууль биелүүлэх ажлыг зохион байгуулах эрхийг хариуцлагатай нь хамт үүрүүлж буй хэрэг. “Давхар дээл”-ийг тайлснаар УИХ-ын гишүүд нь парламентын хууль тогтоох, хянан шалгах ажиллагаанд гол анхаарлаа хандуулна. Ингэснээр Засгийн газар ч УИХ-ын хяналтаас гарахгүй. Хэрэв Ерөнхий сайд өөрийнхөө хань хамсаатнаар Засгийн газраа бүрдүүлбэл өөрөө унахын цондон шүү дээ. Аль нэг сайд нь муу ажиллах юм бол Ерөнхий сайд тэр дор нь солиод явна гэсэн үг. Ажиллаж чадахгүй сайдтайгаа зууралдаад, хамгаалаад байвал Ерөнхий сайд огцорно. Улс орны хөгжлийг урагшлуулах, түргэтгэх, хариуцлага, хяналт, эрх мэдлийн тогтолцоог бий болгоход энэ заалт нь чухал ач холбогдолтой. Өмнөх парламентын үед хэнийх нь ч билээ, Засгийн газар 19 сайдынхаа 17-г нь парламентын гишүүдээс томилохдоо фракц, фракцын төлөөллийг оруулснаас болж Ерөнхий сайддаа захирагддаггүй байдал үүсэж байсан шүү дээ. “Давхар дээл”-ийг тайлах гэсэн оролдлогыг хэд хэдэн удаа хийсэн. Бүр хуулийн төслийн эцсийн найруулгыг сонсох гэж байхад буцааж байсан шүү. УИХ-ын гишүүдийг орон нутагт ажиллахад “давхар дээл”-ийг тайлах, гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой асуудал байнга яригддаг. Нийгмийн захиалга болчихсон гэмээр юм уу. УИХ-ын гишүүн, сайд хоёр заавал хамт байх ёстой гэдэг үхширмэл үзэл бодлоосоо салах цаг болжээ. Энэ асуудлыг одоо нэг тийш нь болгохгүй бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хувь заяа уг заалттай холбоотой болчихоод байна.
(УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы наймдугаар сарын 30-ны нэгдсэн хуралдаан
М.Оюунчимэг:
-УИХ-ын гишүүн “давхар дээл”-тэй байх буюу сайд, компанийн захирал, төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллах гэх мэт бусад бүх ажлаасаа татгалзаад, яг ард түмнийхээ төлөөлөл болж, хууль батлах, улс орны хувь заяатай холбоотой асуудлыг шийдвэрлэж чаддаг байхад анхаарах нь нэн тэргүүний үүрэг. Тиймээс энэ заалтыг дэмжиж байна. Учир нь УИХ хариуцлагатай байх ёстой. Үг, үйлдэл хоёр нь хэзээ ч зөрж таарахгүй.
Ер нь УИХ-ын гишүүний хийх ажилд хугацаа хангалтгүй байдаг. Миний бие байнгын хорооны даргын хувьд маш их ажилтай байдаг учраас давхар ажил хийхийг энэ хуулиараа зааглаад өгөх нь зөв. Иргэдтэй уулзаж байхад УИХ-ын гишүүн “давхар дээл”-ээ тайлаад, яг УИХ-ын ажлаа манлайлж гүйцэтгэх хэрэгтэйг хэлдэг.
(УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы есдүгээр сарын 5-ны нэгдсэн хуралдаан)
Я.Содбаатар:
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар бид олон жил ярьж байна. МАН-ын мөрийн хөтөлбөрт ч парламентын засаглалаа боловсронгуй болгох чиглэлд өөрчлөлт хийхээр тусгасан. Парламентын засаглалтай оронд байдаг жишгээр бол ард түмнээс санал авсан хүн нь Ерөнхий сайдаас гадна сайдаар ажиллаж, “давхар дээл”- тэй байдаг л даа. Харамсалтай нь, сүүлийн хэдэн жил манай улстөрчид “давхар дээл”-дээ орооцолдож байгаа. Засгийн газрынх нь сайд нараас 10 гаруй нь УИХ-ын гишүүн байхаар манайх шиг парламент нь цөөн гишүүнтэй оронд хүндрэл учирдаг. Амьдрал баян учраас зөвхөн Ерөнхий сайд нь, эсвэл бүгдээрээ “давхар дээл”- тэй байх ёстой гэж туйлшрах хэрэггүй. Сайдаар томилж болох УИХ-ын гишүүний тоог дөрвөөс илүүгүй байлгах нь давуу талтай. Жишээ нь, Сангийн сайдыг парламентын гаднаас томилбол УИХ-ын гишүүдэд бодлогоо ойлгуулж, төсвөө батлуулна гэдэг нь хүндрэлтэй. Нэгэнт манай намын бүлэг хуралдаад, “давхар дээл”-ийг тайлахаар олонх нь санал нэгдсэн тул дэмжинэ.
(УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы есдүгээр сарын 5-ны нэгдсэн хуралдаан)
М.Билэгт:
-Я.Содбаатар гишүүний хэлж байгаатай санал нэг байна. УИХ-ын гишүүд зөвхөн хууль тогтоох ажлаа л хийе. Хууль батлахдаа сонгогчдынхоо дуу хоолой нь болж, эрх ашгийг нь хамгаалах заалтыг тусгадаг байя. Сонгогч, ард түмний эрх ашгийг зөрчсөн заалтыг хуулиудаас хасуулдаг байх ёстой.
(УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы есдүгээр сарын 5-ны нэгдсэн хуралдаан)
Г.Тэмүүлэн:
-УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн байж болдгийг нэг мөр шийдэх ёстой. Бид сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хариуцлагагүй явж ирлээ. Үүнийг аль нэг нам, хувь хүний үүднээс, эсвэл цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлж шийдмээргүй байна. Үндсэн хуулийн суурь зарчмаа баримталбал эрх мэдэл, институц бүр тус тусдаа байх ёстой. УИХ-ын гишүүд нь парламентдаа, сайд нар нь Засгийн газартаа байх учиртай. Одоо бид алдаагаа зассан шиг засаж, парламент нь Засгийн газраасаа 100 хувь тусдаа байх нөхцөл, бололцоог бүрдүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй. Парламентын засаглалтай улсад парламент нь Засгийн газрынхаа өмнөөс засагладаг, УИХ-ын гишүүд нь сайд, Ерөнхий сайд байх тохиолдол тийм их биш болов уу. Үүнийг 100 хувь нэг талд гаргадаггүй юм гэхэд ядаж Ерөнхий сайд нь л УИХ-ын гишүүн байдаг болмоор байна. Магадгүй 10 жилийн дараа бид нар Ерөнхий сайдыг ч парламентын гаднаас томилох талаар ярих шаардлагатай болох байх. Өнөөдөр УИХ-ын 76 гишүүний бараг 31 нь зөвхөн сүүлийн гурван жилийн хугацаанд сайдаар томилогдож үзсэн байх жишээтэй. Үүнээс болж парламентын үндсэн үүрэг болох энэ хууль тогтоох, гүйцэтгэх засаглалдаа хяналт тавих нь орхигдоод байна.
(УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы есдүгээр сарын 5-ны нэгдсэн хуралдаан)
Х.Нямбаатар:
-1990 онд Улсын бага хурлаас хийсэн судалгаагаар тухайн үед Монгол Улсын хүн амыг хоёр сая гаруй гэж үзээд, улсуудын нийтлэг жишиг, дунджийг баримтлан өнөөдрийн, 76 гишүүнтэй байх зохицуулалтыг хуульчилсан. УИХ-ын гишүүд “давхар дээл” өмсөхөөр үндсэндээ парламентын дан “дээл”- тэй гишүүдийн тоо 60 орчим болчихож байгаа юм. Нөгөө талаас сайд нар “давхар дээл”-гүй бол Засгийн газар тогтворгүй болчихдог талтай. Улмаар УИХ-ын гишүүдийн ирц, идэвх, парламентын үйл ажиллагаагаа явуулах боломж ингээд хязгаарлагдмал болдог. Тиймээс цаашид “давхар дээл”-ийн учрыг олъё гэж үзэж байгаа бол парламентын гишүүдийн тоог өнөөгийн хүн ам болох 3.3 сая хүндээ дүйцүүлэх талаар эргэж харах ёстой. Гэхдээ УИХ-ын гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах энэ удаагийн төслийг санаачилсан учраас гишүүдийн тоог нэмэгдүүлэх зэрэг заалт тусгах боломжгүйг олон нийт ойлгох учиртай.
(УИХ-ын 2019 оны зургадугаар сарын 18-ны нэгдсэн хуралдаан)
Бэлтгэсэн Б.Номин