…Оюуны өмчийн харилцааг тодорхой хуулиудаар зохицуулаад цөөнгүй жилийн нүүр үзсэн атал өнөөдрийг хүртэл бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангүй байгаа нь (үүнийг байгуулах тухай асуудал өнгөрсөн оны сүүлчээр Засгийн газрын түвшинд яригдсан) Монголд биет бус хөрөнгийн үнэлэмж ямар байгааг, дэд бүтэц хэр зэрэг хөгжсөнийг илтгэж байна гэдгийг тэд мөн онцлов…
Манай улс Оюуны өмчийн тухай хууль хэрэгжүүлээд 1.2 жил болж байна. Өмнө нь үүнтэй холбоотой аливаа харилцааг Патентын, Зохиогчийн эрхийн, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн, Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар зохицуулж ирсэн. Гэвч эдгээрийн хэрэгжилт, үр дүн төдийлөн сайн байгаагүй. Үүний шалтгааныг албаны хүмүүс ихэнхдээ олон нийтийн ойлголт, мэдлэгийн түвшин сул буйтай холбон тайлбарладаг бол мэргэжлийн судлаачид, хуульчид дээрх хуулиудад их учир бий гэж “оношилдог” байсан. Тухайлбал, эдгээрт давхардсан, зөрчилтэй, уялдаа холбоогүй зохицуулалт олон буй нь оюуны өмчөөс үүдэлтэй асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл учруулж, тодорхой бус нөхцөл байдал үүсгэдэг гэж дүгнэсэн. Тэрчлэн нэгэнт хамгаалагдсан оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд хэрхэн оруулж, зохиогч, бүтээгчдэд үр шимийг нь хүртээх тухай асуудлыг тус хуулиудад тусгалгүй орхигдуулсан нь ихээхэн шүүмжлэл дагуулдаг байв. Энэ бүхэн нь шинэ хууль батлан хэрэгжүүлэхэд гол хөшүүрэг болсон юм.
Оюуны өмч бол биет бус хөрөнгө. Үүнийг лиценз, франчайз, мерчандайзийн эрх болон тодорхой гэрээ, хэлцлээр бусдад бүрэн болон хэсэгчлэн ашиглуулах, өмчлөх эрх шилжүүлэх, хуулийн этгээдэд хөрөнгө оруулах, барьцаанд тавих, зээл авах, аж ахуйн нэгжүүд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх зэргээр эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Харин туурвигч, зохион бүтээгч, эрх эзэмшигчид энэ бүх боломжийг эдлэхийн тулд бүтээлч сэтгэлгээний үр дүнд бий болсон өмчөө үнэлүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, тухайн зах зээлийн хандлага (ижил төстэй бүтээгдэхүүний), ирээдүйд олох үр ашиг, бүтээх, туурвих явцад зарцуулсан зардал зэргийг харгалзсаны үндсэн дээр биет бус хөрөнгөө тодорхой мөнгөн өртгөөр хэмжүүлж, үнэлүүлнэ гэсэн үг. Энэ харилцаатай холбоотой зохицуулалтыг Оюуны өмчийн тухай хуульд тусгаснаараа онцлог. Эл хуулийн төслийг боловсруулагчид үүнийг гол маркетингаа болгосон.
Тэд “Шинэ хуулиар хөдөлмөр эрхлэгчдийн бүтээлийг дэлхийн жишгээр үнэлэх боломж бүрдлээ”, “Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах зохицуулалтыг хууль, эрх зүйн талаас нь шийдлээ” гэхчлэн сурталчилж байв. Урлаг, утга зохиолын салбарын зарим нь ч уран бүтээлчдийн өмнө том хаалга нээгдлээ, оюуны бүтээлээ хулгайчдаас хамгаалах, түүнээсээ ашиг хүртэх таатай хөрс бий боллоо хэмээн ам сайтай байсан юм. Гэвч бодит байдалд оюуны бүтээлийг үнэд хүргэх, олон улсын стандарт, жишгийн дагуу үнэлэх тогтолцоо Монголд бүрдээгүй, дэд бүтэц хөгжөөгүй нь хууль дахь энэ төрлийн зохицуулалтыг хөрсөн дээр буулгаж, бодитоор хэрэгжүүлэхэд ихээхэн бэрхшээл учруулж байгааг “Биет бус хөрөнгийг үнэд хүргэхүй” сэдэвт хэлэлцүүлэг (оюуны өмч, хөрөнгийн үнэлгээний байгууллагууд хамтран саяхан зохион байгуулсан)-ийн үеэр судлаач, мэргэжилтнүүд дуу нэгтэй хэлсэн юм.
Олон улсын мэргэшсэн үнэлгээчдийн холбооны гишүүн, хөрөнгө зуучлал, үнэлгээний мэргэжилтэн Б.Батсүрэн “Оюуны өмчийн үнэлгээг баталгаажуулах ажил манай улсад харьцангуй сүүлд буюу 2000-аад үеэс эхэлсэн. Үүнээс хойших хугацаанд ердөө 100 гаруй бүтээлийн үнэлгээг албан ёсоор баталгаажуулсан байна. Энэ нь зохиогчийн эрх, аж үйлдвэрийн өмч эзэмшиж буй хүмүүс бүтээлээ үнэлүүлэх гэж хичээдэггүй, мэргэжлийн түвшинд үнэлгээ хийдэг хүн ховор байдагтай холбоотой. Хөгжингүй орнууд биет бус хөрөнгийг үндэсний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хэрэгсэл, мэдлэгт суурилсан эдийн засгийн гол хөдөлгүүр гэж үзэн чухалчилдаг. Байгууллага, компани, корпорацуудын хөрөнгөд оюуны өмчийн эзлэх хувь хурдацтай өсөж байна. Уран бүтээлчид ч бүтээлээ бодитой үнэлж, зарж сурсан. Дийлэнх орны туршлагаас харахад үнэлгээний олон улсын стандартыг мөрдлөг болгохын зэрэгцээ өөрийн орны нийгэм, эдийн засгийн байдал, онцлогт тулгуурласан стандарт, журам, аргачлалыг хослуулан ашигладаг. Манай улсын хувьд оюуны өмчийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, олон улсын болон үндэсний үнэлгээний стандарт, аргачлалыг удирдлага болгоно гэж хуульчилсан ч яг таг баримталж, хэрэгжүүлж чаддаггүй. Үнэлгээ хийдэг хүн бүр өөрийнхөө тааллаар өртөг тооцдог. Яг ижилхэн төрөлд хамаарах, үнэ цэн, ирээдүйн үр ашиг нь ойролцоо түвшинд байхуйц, нэг аргаар үнэлсэн хоёр бүтээлийг харьцуулахад л өртөг нь эрс тэс, стандартаас хол зөрөх тохиолдол түгээмэл. Энэ бүхнийг цэгцлэх шийдэл нь холбогдох хууль, стандарт дахь биет бус хөрөнгийн үнэлгээний аргачлалыг шинэчлэх. Мөн мэргэжлийн үнэлгээчдийг бэлтгэх тогтолцоог сайжруулах. Үүнийг зөвхөн хувийн байгууллагад даатгах бус, төр бодлогоор анхаарч, зохицуулах шаардлагатай. Түүнээс биш “Эдгээр стандарт, хуулийг баримтлан оюуны өмчийг үнэлнэ. Үнэлгээчдийг тэр байгууллага бэлтгэнэ” гэж хуульчлаад нэмэргүй. Аливаа харилцааг зохицуулахад бодлогын орчин буюу дэд бүтэц чухал. Манай улсад оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах орчин төлөвшөөгүй байна” хэмээн ярьсан юм.
Харин биет бус хөрөнгийн эксперт Г.Сумъяа “Оюуны өмчийн үнэлгээний тогтолцоог дэлхий нийтийн жишгээр хөгжүүлэхийн тулд гурван зүйл хийх ёстой. Нэгдүгээрт, биет бус хөрөнгийн үнэ цэн, үнэлгээний талаарх олон нийтийн, ялангуяа оюуны бүтээл туурвигчдын ойлголтыг дээшлүүлэх. Тэгж байж хүмүүс энэ харилцааг зохицуулах тогтолцооны хаана нь асуудал байгааг олж харж, асуудал тавина, шийдвэр гаргах түвшний хүмүүсийн анхааралд аваачна. Хоёрдугаарт, хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх. Одоогийн хуулиар бол энэ байгууллагууд үнэлгээ хийдэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, арга аргачлал, заавар боловсруулах, сургаж мэргэшүүлэх үүрэг хүлээж байгаа. Үнэлгээчдийн сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагч нь гэсэн үг. Тэнд ажилладаг чадварлаг, олон улсад бэлтгэгдсэн хүмүүсийг хамгийн гол ажилд татан оролцуулах хэрэгтэй. Сүүлд нь, үнэлгээний стандартыг шинэчлэн сайжруулж, үүний дагуу холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулах нь зүйтэй. Эдгээрийн аль алинд нь төрийн оролцоо чухал” гэж ярилаа. Төр ганц хууль баталчихаад айдгаа авдартаа хийчихсэн мэт, асуудал, бэрхшээлээ шийдчихсэн аятай дүлий дүмбэ оргиж болохгүй, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж одоо ч чөдөртэй морь шиг байна гэсэн санааг тэрбээр давхар тодотгов.
Оюуны өмчийн тухай хуулийн 22 дугаар зүйлд оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан мэдээллийн болон бүртгэлийн нэгдсэн сан байгуулах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, хуульд заасан нөхцөл, журмын дагуу төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах зэрэг ажлыг төрөөс зохион байгуулна гэж тусгасан байдаг. Гэвч эдгээрийн хэрэгжилт муу байгааг судлаачид хэллээ. Оюуны өмчийн харилцааг тодорхой хуулиудаар зохицуулаад цөөнгүй жилийн нүүр үзсэн атал өнөөдрийг хүртэл бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангүй байгаа нь (үүнийг байгуулах тухай асуудал өнгөрсөн оны сүүлчээр Засгийн газрын түвшинд яригдсан) Монголд биет бус хөрөнгийн үнэлэмж ямар байгааг, дэд бүтэц хэр зэрэг хөгжсөнийг илтгэж байна гэдгийг тэд мөн онцлов. Оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулж гаршсан улс орнуудын хувьд мэдээлэл, бүртгэлийн сан гэдэг бол дэд бүтцийн маш чухал хэсэгт тооцогддог гэнэ. Биет бус хөрөнгөтэй холбоотой худалдааны гэрээ хэлцлийг бүртгэх, нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах, уран бүтээлчдийг зуучлагч, мэргэжлийн үнэлгээ хийдэг хүмүүстэй холбох зэрэг ажлыг ийм системийн тусламжтайгаар гүйцэтгэдэг аж.
Шинжлэх ухааны салбарынхан оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлд сүүлийн үед гойд анхаарч эхэлжээ. Ялангуяа улсын төсвөөс бүрэн санхүүждэг эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн төсөл, хөтөлбөрийг үр дүнд хүргэх, ашигтай загвар, патентуудыг үнэд хүргэх чиглэлээр Шинжлэх ухаан, технологийн сан холбогдох байгууллагуудтай хамтран тодорхой ажлууд (үнэлгээний жишиг тогтоох, цахим систем нэвтрүүлэх, баталгаажуулах)-ыг хийж буй юм байна. Хэлэлцүүлэгт оролцогчид үүнийг сайн жишээ болгон ярьсан бөгөөд эл ажлуудыг ганц салбарын хүрээнд бус, тогтолцооны түвшинд хэрэгжүүлэх шаардлагатайг дурдсан юм.