-Цагийн хуваарийн өөрчлөлтийг долоо хоног “ажиглана”-
Их тойруу, Яармагт байрладаг 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулж, өчигдрөөс мөрдөв. Нийслэлийн Боловсролын газрынхан энэ чиглэлээр судалгаа хийсний үндсэн дээр 21 сургуулийн хичээл 07.45, 15-ынх нь 08.15 цагт эхлэхээр болов. Түүнчлэн нэг ээлжтэй 23 сургуулийн хичээлийг 09.00 цагт эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Нийслэл дэх бусад сургуулийн хичээл 08.00 цагаас эхэлдэг. Ийнхүү шийдвэрлэсэн гол шалтгаан нь хотын замын түгжрэлийг бууруулах байв. Тус байгууллагынхны мэдээлснээр бол уг шийдвэрийг гаргаснаар түгжрэл 12.5 хувиар буурах ёстой байлаа. Гэтэл нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч болов. Өөрөөр хэлбэл, албаныхны тооцоолол нь бодит байдлаас зөрж, зарим газарт түгжрэл буурах бус, харин ч ихэссэн гэх бухимдал үүслээ. Иргэд “Хичээлийн цагийг нь урагшлуулж, хүүхдүүдийг зовоосон ч үр дүн гарсангүй”, “Цагийн хуваарийг 15 минутаар урагшлуулж, хойшлууллаа гээд төдийлөн ялгаа гарахгүй, өөрчлөгдөхөөргүй хэмжээнд хүртлээ хотын түгжрэл газар авсан шүү дээ” гэх мэтээр шүүмжилж байлаа.
Засгийн газраас шийдвэрлэсний дагуу цэцэрлэг, сургуулиудыг энэ сарын 14-нөөс эхлэн 100 хувь танхимын сургалтад шилжүүлсэн билээ. Ингэснээр замын хөдөлгөөний ачаалал илт нэмэгдэж, хүүхдүүд хичээлээсээ хоцрохгүйн тулд хүйтэнд замын хажуугаар алхах нь хэвийн үзэгдэл болсон. Тэгвэл өдгөө зарим сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулаад ч нөхцөл байдал төдийлөн өөрчлөгдсөнгүй. Уг асуудлын талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Цагийн хуваарийн өөрчлөлтийн үр дүнг тухай бүрт нь шуурхай тооцоолон ажиллаж байгаа. Ерөнхий боловсролын сургуулиудын хичээл эхлэх, тарах цагт зохицуулалт хийхийн тулд холбогдох мэргэжлийн байгууллагууд, нийслэлийн Боловсролын газар, Боловсрол, шинжлэх ухааны яамныхантай хамтран судалгаа хийж, санал боловсруулсан. Түүнчлэн цахимаар санал асуулга явуулахад оролцогчдын 70 гаруй хувь нь энэхүү зохицуулалтыг дэмжсэн” гэлээ.
Нийслэлийн хэмжээнд энэ хичээлийн жилд улсын 152, хувийн хэвшлийн 129 сургуульд нийт 340 069 хүүхэд суралцаж буй юм байна. Үүнээс 59 сургуулийн цагийн хуваарийг өөрчилсөн бөгөөд тэдгээрт 85 207 хүүхэд суралцдаг аж. Тэгвэл Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр өчигдөр өглөө Нарны зам дагуу байрладаг сургуулиудад цагийн хуваарийг өөрчилсөн ч дорвитой үр дүн гараагүй гэв. Тодруулбал, Нарны зам дагуу байрладаг “Сант”, Монгол, Оросын хамтарсан сургууль, 31 дүгээр сургуулийг чиглэсэн замын хөдөлгөөний ачаалал буураагүй аж. Харин Яармаг орчимд замын хөдөлгөөний ачаалал ялимгүй багассан байна. Түүнчлэн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өмнөх долоо хоногийн даваа гаргийн түгжрэлийн оргил үеийг өчигдөр өглөөнийхтэй харьцуулан судалжээ. Өчигдөр 06.00-07.00 цагт замын ачаалал өмнөх долоо хоногийн мөн үеийнхээс 23 хувиар өссөн гэсэн дүгнэлтийг тус байгууллагаас гаргасан байна. Харин түүнээс хойш түгжрэл 17-21 хувиар буурсан гэнэ.
Сургуулиудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан талаар нийслэлийн удирдах ажилтнуудын өчигдрийн шуурхай зөвлөгөөнөөр хэлэлцсэн юм. Цагийн хуваарийг өөрчилсөнтэй холбоотойгоор энэ долоо хоногийн турш тодорхой байршлуудад ажиглалт хийж, бусад үеийнхтэй харьцуулан судлахаар болжээ. Сургуулиудын хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулах зохицуулалтыг туршилтын журмаар хэрэгжүүлж буй бөгөөд цаашид уян хатан байдлаар хэрэгжүүлж, үр дүн гарахгүй байгаа газруудад өөрчлөлт оруулах бүрэн боломжтой гэнэ.
Бэлтгэсэн М.Оч