Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтайван улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл, зохион байгуулалтын явцын талаар танилцууллаа.
Нийслэлийн Засаг даргын 10 удаагийн захирамжаар нийт 105 төсөл, арга хэмжээ Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт эрх шилжиж ирсэн. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 32 төсөл, арга хэмжээ, нийслэлийн төсөв, нийслэлийн орон нутгийн сангийн хөрөнгө болон нийслэлийн авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 73 ажил бий аж. Эдгээрээс улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлыг ангилж үзвэл, Барилга хот байгуулалтын яамнаас 17, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 13, Эрүүл мэндийн яамнаас хоёр ажил шилжиж ирсэн аж. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 32 ажлаас гурав нь дүүрэг рүү шилжиж, 29 нь нийслэлд төвлөрч буй юм. Эндээс 19 ажлын техникийн тодорхойлолт, даалгавар нь ирсэн байна. Нийслэлийн орон нутгийн сангийн хөрөнгө болон нийслэлийн авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 73 ажлын 22 нь тендер зарлах хэмжээнд бэлтгэл хангагдаад байна.