“Дуунаас хурдан пуужингийн гурав дахь туршилт амжилттай боллоо” гэж Умард Солонгосын эрх баригчид нэгэнт мэдэгдсэн. Тэндхийн төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дамжуулснаар бол уг пуужин 1000 километрийн зайд тэнгист байрлаж байсан байг устгаж чаджээ. Пуужин харвахыг тус улсын удирдагч Ким Жөн Ун өөрийн биеэр байж ажигласан аж.
Умард Солонгос дуунаас хэт хурдан пуужин туршсан тухай анхны мэдээллүүд 2021 оны есдүгээр сард гарч эхэлсэн юм. Энэ онд хоёр дахь туршилтаа нэгдүгээр сарын 5-нд, гурав дахийг нь зургаан өдрийн дараа хийсэн гэж мэдээлсэн. Нэгдүгээр сарын 11-нд харвасан гурав дахь пуужингийн хурд дуунаас 10 дахин илүү байж, 1000 километр зам туулж, даялах чадвар хийгээд нэгдүгээр сарын 5-нд Пхеньяны хөөргөсөн 700 километр/цагийн хурдтай пуужингаас үндсэн үзүүлэлт нь ихэд сайжирсан гэж Өмнөд Солонгосын “Рёнхап” агентлаг цэргийн эрх сурвалжид түшиглэн мэдээлж байлаа.
Умард Солонгосын удирдагч нэгдүгээр сарын 5-нд пуужин харвахад ирээгүй, зургаан өдрийн дараахыг нь өөрийн биеэр ирж ажигласан байна. Нэгдүгээр сарын 5-нд харвасан пуужингаа Умард Солонгос “дуунаас хурдан” гэж нэрлэсэн бол Өмнөд Солонгос үүнд эргэлзэж, далавчит (баллистик) пуужин байсан болов уу гэж үзсэн.
Сүүлийн үед Умард Солонгос пуужин туршихаа идэвхжүүлж буй нь улсынхаа батлан хамгаалах хүчин чадлаа бэхжүүлэхээ Ким Жөн Ун шинэ жилийн мэндчилгээндээ амласантай нь холбоотой юм. АНУ тэргүүтэй зургаан улс пуужин харвасныг нь буруушааж, бүс нутгийнхаа байдлыг тогтворгүй болгож буй үйлдлээ зогсоохыг шаардсан хамтарсан мэдэгдэл гаргасны дараа сүүлчийн туршилтаа хийсэн. Умард Солонгосын төрийн мэдлийн ЦТАК агентлаг пуужин зүг чигээ өөрчлөх гайхалтай чадвартай болох нь сүүлийн харвалтаас харагдлаа хэмээн мэдэгдэж, туршилтын үр дүнг өндрөөр үнэлжээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар дуунаас хэт хурдан пуужин олон чанараараа бусад төрлийнхөөсөө аюул, хөнөөл илүүтэй аж. Далавчит пуужин урьдчилан төлөвлөсөн даяллаар хөдөлж, энэ нь түүнийг замаас нь “барьж авахад” хялбар болгодог бол дуунаас хэт хурдан зэвсэг тэгтлээ төлөвлөснөөр “явахгүй”, газрын гадаргад ойрхон хурдалж, илүү богино хугацаанд байг устгаж чадна. Түүнчлэн ийм пуужингийн хурдыг цагт 6200 километр хүртэл, өөрөөр хэлбэл, дууныхаас тав дахин нэмэгдүүлж, ажиглах, “барихад” төвөгтэй болгож болдог. Түүнээс гадна ямар цэнэгт хошуу тээж байгааг нь тодорхойлоход амаргүй.
Дуунаас хэт хурдан пуужинг одоо АНУ, ОХУ-д илүүтэй идэвхтэй туршиж байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчин туршилт хийгээд байгаа Пхеньян стратегийн байлдааны хүчин чадлаа тооны ч, чанарын ч хувьд бэхжүүлэх хэрэгцээ улс оронд нь бий хэмээн урьд нь мэдэгдэж байсан юм.
Хориг тавих, газар нутагт нь ойр байлдааны сургуулилалт хийх зэрэг “дайсагнасан бодлого”-оо АНУ, түүний холбоотнууд зогсоосон тохиолдолд л дипломат яриа хэлэлцээ хийхэд саад болох зүйлгүй гэж Умард Солонгосын эрх баригчид бас мэдэгддэг. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Виктория Нуланд пуужин харваж байгааг аюултай, байдлыг тогтворгүй болгосон үйлдэл гэж үзэж буйгаа илэрхийлсэн. “Энэ нь биднийг буруу чиглэл рүү хөтөлж байна. Умард Солонгостой яриа хөөрөө хийхэд нээлттэй, цар тахлын эсрэг тэмцэх, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай асуудлыг ярилцахад бэлэн гэж АНУ-ын эрх мэдэлд шинэ засаг захиргаа ирсэн үеэсээ байнга илэрхийлж ирсэн. Гэтэл үүний оронд Умард Солонгос пуужин харваад байх юм” гэж тэрбээр мэдэгдсэн юм. Сүүлчийн удаа харвасан пуужинг Европын Холбоо олон улсын энх амгалан, аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл гэж нэрлээд яриа хэлэлцээ хийхийг Пхеньянд уриаллаа.
Ким Жөн Ун нэгдүгээр сарын 11-нд пуужин харвах үйл явцыг ажиглаж байгааг харуулсан гэрэл зургийг Умард Солонгосын эрх баригч намын “Нодон синмун” сонин эхний нүүрэндээ хэвлэсэн. 2020 оны гуравдугаар сараас хойш Ким Жөн Ун анх удаа пуужингийн туршилт хийх үеэр байлцлаа. Ийнхүү зоримог гарч ирсэн нь олон юм хэлж байгаа хэрэг гэж шинжээчид үзэж буй юм. “2020 оны гуравдугаар сараас хойш Ким пуужин харвахыг албан бусаар ажигласанд эргэлзэх юун. Харин энэ удаагийн үйлдэл, сонины тэргүүн нүүрэнд нийтлэгдсэн өгүүллээс үзэхэд шинэ технологи туршиж байгаатай зэрэгцэн харагдахаас тэрбээр жийрсэнгүй. Үүнийг АНУ хэрхэн үзэх нь түүнд ялгаагүй аж” хэмээн “Korea risk group”-ийн гүйцэтгэх захирал Чад О’Кэрролл “Ройтерс” агентлагийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа хэлсэн байна. “Тэрбээр пуужин харвахад өөрийн биеэр байлцсан нь уг хөтөлбөрт онцгой анхаарч байгаагийн илэрхийлэл” гэж Америкийн Карнегийн сангийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Анкит Панда үзэв.
Умард Солонгос дараалан хоёр пуужин харваж энэ оныг угтлаа. Түрүүчийн пуужинг нь Нью-Йорк хотноо НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр АНУ болон түүний холбоотнууд зэмлэсний хариу болгож сүүлчийн пуужингаа харвасан гэж хэлж болох байх. Ер нь пуужин харвасан нь олон зорилготой байж болно. Цар тахлын уршгаар эх орныхоо бүр муудсан эдийн засгийн хүнд байдлаас олон нийтийнхээ анхаарлыг хөндийрүүлэх нь эдгээр зорилгынх нь нэг байж болох. Дэлхийг хамарсан өвчнөөс үүдэж хил хаагдсанаас хүнсний бараа хүрэлцэхээ байж, энэ нь тус улсын эдийн засагт сүрхий нөлөөлж байгаатай тэмцэж буй үедээ сүүлчийн пуужингуудаа харвасан юм.
Өнгөрсөн оны эцсээр болсон эрх баригч намынхаа хурал дээр Ким Жөн Ун “Улс орон маань “үхэх, сэхэхээ” үзэх тэмцэлтэй нүүр туллаа. Хөгжлийг түргэсгэж, хүмүүсийн амьдралын түвшнийг дээшлүүлэх нь чухал зорилт юм” гэсэн байдаг. Умард Солонгост хүүхэд, хөгшид өлбөрч үхэх эрсдэлтэйг НҮБ урьдчилан анхааруулж байв
2019 онд Дональд Трамп, Ким Жөн Ун хоёрын хооронд болсон тийм ч үр дүнтэй биш дээд хэмжээний уулзалтаас хойш Пхеньянтай хийх яриа хэлэлцээгээ сэргээхийг тэгтлээ сонирхохоо байсан Вашингтоны анхаарлыг татахыг эрмэлзсэн нь бас нэг зорилго нь байсан болов уу. Цөмийн зэвсгээс татгалзахыг Умард Солонгост АНУ уриалдаг, Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаатай Умард Солонгосын харилцаа одоо хэр нь тун базаахгүй байгаа. Тун ховор ярьж байгаа гурав дахь шалтгаан бас бий. Умард, Өмнөд Солонгос зэвсгээр хөөцөлдөх үйл явцад нэлээд эрчимтэй татагдан ороод байгаа. Бие биедээ заналхийлэхэд нь тус болох илүү тусгал сайтай, хөнөөл их учруулах пуужингийн нягт системийг боловсронгуй болгохоор хоёр тал чармайж буй. Цэрэг, дайны үйл ажиллагаандаа ялгаатай стандарт хэрэглэж байна гэж Умард Солонгос нь өмнөдөө нэг бус удаа зэмлэсэн. Умард Солонгосын зүгээс ирж болзошгүй өдөөн хатгалгыг тогтоон барихад хэрэгтэй гэж өөрсдөө хэлээд байгаа усан дор байрлалтай далавчит пуужинг Өмнөд Солонгос анх удаа туршсан билээ.
Дуунаас хэт хурдан зэвсэгтэй АНУ, Хятад мэт цөөн улсын багахан “тойрогт” багтахыг Умард Солонгос одоо чармайж байна. Нэгдүгээр сарын 5-нд харвасан пуужингийнх нь “дуунаас хэт хурдан цэнэгт хошуу” тээгч пуужингаасаа салж 700 километр зайд байрласан байг устгахаасаа өмнө хажуу тийш 120 километр даялсан гэж мэдээлсэн. Пуужинг залах төхөөрөмж үр ашигтай байгааг, өвлийн улиралд харвах боломжтойг уг туршилт нотолсон гэж үзсэн байна. Умард Солонгос пуужин туршсанд Өмнөд Солонгос эргэлзэхгүй байгаагийн зэрэгцээ тус пуужин умардынхны ярьсан шиг урт зам туулаагүй, зүг чигээ өөрчлөх чадвар нь ч гойд байгаагүй гэж цэргийн шинжээчид нь баталж буй юм. Улс орных нь эдийн засаг, хүн ардынх нь амьдрал, хүнсний хангамж ихээхэн эрсдэлтэй буй ч Умард Солонгосын эрх баригчид эх орноо хамгаалахад амин чухал гэдэгт ард түмнээ итгүүлэн, цэрэг дайны хөтөлбөрөө хорогдуулах бодолгүй байна.
Бэлтгэсэн Р.Жаргалант