УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж буй Улс төрийн намын тухай хуулийн төсөлд намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн байх, хөрөнгө оруулалт, санхүүжилт болон зарцуулалтын ил тод байдлыг хангах зэрэг зарчмын өөрчлөлт оруулахаа уг хуулийн төслийг боловсруулж буй ажлын хэсгийнхэн хэлж байгаа. Тэгвэл эмэгтэй, эрэгтэй улстөрчдийн тэгш гарааны нөхцөлийг хэрхэн хангах талаар санал солилцох зорилгоор “Улс төрийн нам ба тэгш гараа” уулзалт, хэлэлцүүлгийг өчигдөр “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс зохион байгууллаа. Тус уулзалтад УИХ-ын гишүүн, Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг, “Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг тэргүүтэй судлаачид оролцсон. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд гишүүн Ц.Мөнхцэцэг төслөө танилцуулсан бол улс төрийн намын сонгуулийн үеийн санхүүжилтийн талаар судлаач Д.Энхцэцэг мэдээлэл өгсөн юм.
Өнгөрсөн онд хийсэн “Улс төр дэх залуучууд болон эмэгтэйчүүдэд тулгамдаж буй сорилт, бэрхшээл” судалгаагаар хууль, эрх зүйн орчин, мөнгө санхүү, уламжлал, соёлын нөлөө тэдний өмнөх гол бэрхшээл болохыг оролцогчид нэрлэжээ. Үнэндээ улстөрчдийн гарааны тэгш байдлыг хангах, эсэх нь хамгийн түрүүнд мөнгө, санхүүжилттэй холбогдож буй билээ. Хүчин төгөлдөр үйлчилж буй Улс төрийн намын тухай хуулийг 2005 онд баталсан. Уг нь эл хуулиар улс төрийн намын санхүүжилтийг ил болгох үүргийг хуульчилсан ч өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж, биелүүлсэн нь ховор. 2020 оны УИХ-ын сонгуулиар 79 тэрбум төгрөгийг улс төрийн намын нэр дэвшигчид зарцуулсныг зардлын тайлангаас нь харж болно. Харин УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүмүүсийн гаргасан нийт зардал нь 77.3 тэрбум төгрөг. Нэг суудалд 364 сая төгрөг зарцуулсан гэсэн үг. Гэвч сонгуулийн дараа нэр дэвшигчид өр төлбөртэй үлдэж байгаа нь санаа зовоосон асуудал гэдгийг Д.Энхцэцэг онцолсон. Иймд Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэхдээ сонгуулийн зардлыг бууруулах хөшүүргүүдийг хуульчлах нь зүйтэйг тэрбээр хэлж байлаа.
2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу төрөөс намуудад санхүүжилт олгохоор буй бөгөөд үүнийг Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгахаа ажлын хэсгийнхэн хэлж ирсэн. Гэхдээ намуудад төрөөс санхүүжилт анх удаа өгөх гэж байгаа юм биш. Өдгөө ч авч буй. Харин уг санхүүжилтийг бодитой дэмжлэг болгох чиглэлд анхаарах цаг болсныг судлаач Д.Энхцэцэг дурдав. Тухайлбал, УИХ-ын нэг суудлыг 10 сая төгрөгөөр тооцоод намуудад жил бүр санхүүжилт олгодог ч парламентын гаднах намуудыг орхигдуулж ирснийг тэрбээр шүүмжилсэн. Д.Энхцэцэг “Төрийн санхүүжилтээр дамжуулан улс төрийн намуудыг авлигаас салгах нь зөв. Сонгуулийн зардал, хувь нэр дэвшигч болон улстөрчдөд очиж буй санхүүгийн дарамтыг бууруулах бодлого боловсруулах шаардлагатай. Улстөрчдийн халааснаас улс төрд мөнгө ороод байна гэдэг нь бэл бэлчинтэй хүмүүсийг дэмжиж байна гэсэн үг. Харин өрсөлдөх чадвартай ч мөнгөгүй хүн улс төрд хүч үзэх боломжгүй байна. Өөрийн хөрөнгөө сонгуульд зарцуулах нь буруу. Энэ нь тэгш гарааны нөхцөлийг муутгадаг. Тухайн хүн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллах гэж байгаа бол тэдэнд зориулсан мөрийн хөтөлбөрөө танилцуулж, сурталчилгаагаа хийх хэрэгтэй. Ингэснээр зардал нь эх үүсвэрийн хувьд “эрүүлжинэ”. Үнэндээ нэг сарын хугацаанд сонгуулийн зардлын данс нээгээд, хандив босгоно гэдэг нь нэр дэвшигчийн хувьд үлгэр. Хууль нь ийм шүү дээ” гэв. Төрөөс намуудад үзүүлж буй санхүүгийн дэмжлэгийг өргөжүүлж, зөвхөн УИХ-д суудалтай намуудад олгодог байдлыг халах гэнэ. Хамгийн гол нь нам бүх зардлын тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлж, Сонгуулийн ерөнхий хороо намуудад хэрхэн хуваарилах, тайланд нь алдаа байгаа, эсэхэд үндэслэн дараагийн санхүүжилтийг олгох аж. Мөн намын санхүүгийн үйл ажиллагаанд дарга нь захиран зарцуулах эрхтэйгээр оролцохыг хориглохоор тусгасан байна. Түүнчлэн намд өгч буй иргэдийн болон аж ахуйн нэгжүүдийн хандивыг хязгаарлах гэнэ. Тухайлбал, иргэн нэг жилд тав, аж ахуйн нэгж 20 сая хүртэлх төгрөгийг намд хандив болгон өгч болно. Мөн тендерт оролцсон аж ахуйн нэгж дөрвөн жилийн хугацаанд намд хандив өгөхгүй байхаар заажээ. Тендерт ялахын тулд намд мөнгө, хандив өгдөг байдлыг үүгээр хязгаарлаж, авлигыг бууруулахыг зорьж буй бололтой.
Ажлын хэсгийн ахлагч “Улс төрийн намын тухай хуулийг 2005 онд шинэчлэхдээ хөндөөгүй ганц зохицуулалт нь санхүүжилттэй холбоотой. Монголын намуудын мөнгөний эх үүсвэрүүд далд байдаг. Хуульд зааснаас хэтрүүлэн зарцуулсан ч мэдүүлэхдээ хуульд нийцсэн мэтээр тайлан гаргаад өгдөг. Ямар ч зөрчилд хариуцлага тооцдоггүй. 1990 оноос хойш 40 гаруй улс төрийн нам байгуулагдаж, одоогоор 35 нь бүртгэлтэй байна. Гэтэл ихэнх нь сонгуулийн үед үйл ажиллагаа явуулаад, бусад цагт ажилладаггүй. Улс төрийн нам нь албан тушаал олж авах бүлэглэл болж хувирсан. Иймд намыг тогтолцоогоор нь шинэчлэх ёстой. Тиймээс ард түмнээ төлөөлөх ёстой, хамтын шийдвэр гаргадаг байгууллага байхаар төсөлд тусгасан. Нам нь томоохон байгууллагуудаас бус, гишүүдээсээ татвар авах боломж бүрдүүлнэ. Өмнө нь УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэн сонгогдож байгаагүй. Шинэ хуулиар нэр дэвшүүлэх боломжоор хангана. Мөн эмэгтэйчүүд, залуучуудыг бодлогоор дэмжинэ. Намын үйл ажиллагааг цахимаар явуулах боломж бий болгоно. Намууд санхүүгийн тайлангаа оруулахаар “Шилэн данс”-нд хуульчилна. Таван жилийн хугацаанд хурлаа хийхгүй бол “идэвхгүй” ангилалд оруулах юм. Намд хэдий хэмжээний санхүүжилт хуримтлагдсан, зарцуулснаа олон нийтэд хэрхэн тайлагнадаг нь тодорхойгүй. Санхүүжилтээ тайлагнахгүй байгаа нь хууль бусаар санхүүжих эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс намын санхүүжилт, бүх орлого, зарлагыг ил болгох ёстой” гээд намууд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжсэн тохиолдолд нэмэлт санхүүжилт олгох зохицуулалт тусгасан хэмээв. Гишүүн Ц.Мөнхцэцэг “Сонгуулийн одоогийн тогтолцоогоор асар богино хугацаанд их мөнгө гаргасан нэр дэвшигч л ялах боломжтой. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч болон намуудад гарааны тэгш бус боломж үйлчилж байна. Цаашид мөнгөний биш, гарааны тэгш өрсөлдөөн бий болгохын тулд сонгуулийн зардал болон бусад механизмыг нарийн задлах шаардлагатай. Тухайлбал, Тайвань, БНСУ-д нэр дэвшигчдийн бүх сурталчилгааг нэг ижил стандартаар хийж, нэг газар байршуулдаг жишгийг бид авч хэрэглэх ёстой. Нэр дэвшигчдийн хувьд хамгийн их мөнгө зардаг зүйл бол сэтгүүл хэвлэж, тараах. Тухайн тойрогт нэр дэвшүүлж байгаа намуудад хэвлэлийн ижил хуудас зааж өгч болно. Нэг намд хоёр нүүр гэдэг ч юм уу. Ингэвэл адил зардлаар өрсөлдөх боломж бүрдэнэ” гэв.
Мөн сонгуулийн сурталчилгааны хугацааг тодорхой хэмжээгээр уртасгах боломж бийг ажлын хэсгийн ахлагч хэлсэн. Сонгуулийн сурталчилгааны хугацаа 14 хоног байхад шинэ нэр дэвшигчид өөрийгөө таниулах боломж байдаггүй нь зардлыг өсгөх нэг шалтгаан болдог хэмээн үзэж буй аж. Тиймээс дөрвөн долоо хоногийн хугацаанд сурталчилгаа явуулбал зардал багасахын зэрэгцээ өрсөлдөөний тэгш нөхцөл үүснэ гэж тооцсон байна. Үүнийг МАН-ын удирдлага дэмжиж байгааг тэрбээр тэмдэглэв.
Түүнчлэн УИХ-ын болон орон нутгийн сонгуульд залуучууд, эмэгтэйчүүдийг дэмжсэн эрх зүйн орчин хангалтгүй, намууд нь сонгуулийн хууль тогтоомжид заасан хүйсийн квотыг доод хязгаар бус, дээд тааз гэж ойлгодог нь нууц биш. Судлаач Д.Энхцэцэг “Манай улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо дэлхийн дунджаас доогуур байна. Монгол Улс бүс нутагтаа “ардчиллын ногоон арал” гэж нэрлэгддэг. Бүс нутагтаа үлгэр жишээ болдог улсын эмэгтэйчүүдийн оролцоо доогуур байгааг бодолцох учиртай” гэж байлаа. Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг Улс төрийн намын тухай хуулийн төсөлд эрдэмтэн, судлаачид болон олон улсын байгууллагуудын зөвлөмжүүдийг тусгаж, авлигын эсрэг гол байгууллагуудтай хамтран ажиллаж буйгаа хэлэв. Улс төрийн намын тухай хуулийн төслийн 60 орчим хувийг санхүүжилтийн талаарх заалтууд эзэлж буй аж.
Бэлтгэсэн Б.Номин