Агаарын бохирдлын үзүүлэлтээрээ Улаанбаатар хот өчигдөр дэлхийд тэргүүллээ.
НҮБ-ын “Хабитат”, “Грийнпийс”, Байгаль орчны хөтөлбөрийн түншлэлийн хүрээнд бий болгосон iqair.com цахим хуудсанд мэдээлснээс үзвэл манай нийслэл агаарын бохирдлоороо 89 хотыг ардаа орхижээ. Улаанбаатарт агаар бохирдуулагч гол эх үүсвэрүүдийн нэг нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ их байгаа нь ийнхүү тэргүүлэхэд хүргэсэн гэнэ. Тус цахим хуудсаар дамжуулан дэлхийн агаарын чанарын мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэдэг бөгөөд бохирдлын түвшнээр нь жагсаадаг. Улаанбаатарын дараа буюу хоёрдугаарт Энэтхэгийн Мумбай, гуравт Босни-Херцеговины Сараево хот бичигджээ.
Тэгвэл Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр бол өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Улаанбаатарт Баянхошуу, Хайлааст орчимд агаарын бохирдол хамгийн их байжээ. Ялангуяа нарийн, бүдүүн ширхэгт тоосонцор их, өнгөрсөн оны мөн үеийнхээс илт илүү байв. Түүнчлэн Нисэх орчимд хүхэрлэг хийн агууламж хүлцэх хэмжээнээс 7.5 дахин их байсныг тогтоожээ. Мөн Баянхошуу орчимд бүдүүн ширхэгт тоосонцрын хэмжээ стандартаас 4.8 дахин давсан байна.
Бэлтгэсэн М.Оч