…Мартаж, санахаас эхлээд зүрх дэлсэх, амьсгаадах, амархан ядарч сульдах, толгой өвдөх, цус өтгөрөх зэрэг ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлсөн олон зовуурь коронавирусээр өвдсөн хүмүүсийн олонход тохиолдож байна. Гэвч өвдсөн хүмүүсийн цөөнгүй нь хаана хандаж, хэрхэн эмчлүүлэх учраа олохгүй өдий хүрэв…
“Би он гараад нэгдүгээр сарын эхээр коронавирусийн халдвараар өвдсөн. Уушгины хатгалгаа болж хүндрээгүй, бие хөнгөн байлаа. Гэтэл эдгэсний дараа нойргүйдэлд орсон. Бие минь маш их сульдаж, зүрхний хэм алдагдан, цусны даралт унасан. Чухам юу наас болсныг тодруулахаар бүх биеийн шинжилгээ өгөхөд хэвийн гарав. Харин эдгээр хямрал нь коронавирусийн дараах хүндрэл байсныг олж мэдээд нэгэн уламжлалтын эмнэлэгт хэвтсэн юм. Бариа засал, бумба, зүү, физик эмчилгээн дээр нэмээд тан уусны дараа даралт, нойр хэвийн сайхан болж, зүрх хэм алдахаа больсон” хэмээн иргэн Н ярив.
Мөн “Ковид-19”-өөр өвдсөн өндөр настан Ж “Нэгдүгээр сарын 9-нд охинтойгоо хамт цахилгаан шатанд явж байтал нэг залуу учиргүй ханиалгаад байсан юм. Тэрбээр амны хаалт зүүгээгүй байв. Гэтэл гурав хоногийн дараагаас охин бид хоёр бага зэрэг халуурч эхэлсэн. Тэгээд яаралтай эм, тан уусан. Өрхийн эрүүл мэндийн төв рүүгээ залгасан ч утсаа авахгүй хэд хонолоо. Түргэн тусламжийн төв рүү залгахаар өрхийн эмнэлэг рүү ярь гэнэ. Ингэж хугацаа алдсаны эцэст өрхийн эмч ирж үзээд “Уушгины хатгалгаа болсон байна, тандалтын баг ирж авна” гэсэн. Түүнээс хойш гурав хоносон ч намайг эмнэлэгт хэвтүүлээгүй. Арга ядаад хувийн эмнэлэг бараадсан. Маш хурдан хатгалгаа болж, амьсгалж чадахгүй, аппаратад орсон. Үнэтэй тариа хийлгэхийн хажуугаар баахан эм уулаа. Хоёр ч эмнэлэгт хэвтлээ, маш их зардал гаргасан” хэмээн ярилаа. Эмнэлгээс гарсных нь дараа түүний толгой өвдөж, бүлээрээд байхаар нь Дөрөвдүгээр эмнэлэгт дахин хэвтэж, ковидын дараах эмчилгээ хийлгэжээ. “Ковид-19” туссан даруйд ч, дараа нь ч тэтгэврийн насны ахмадуудаа үл тоож, эмнэлэгт яаралтай хэвтүүлж, арга хэмжээ аваагүйд тэрбээр гомдолтой үлджээ. Олон жил нийгмийн даатгал төлснийхөө үр шимийг хүртэж чадахгүй, бүх эмчилгээний зардлаа хувиасаа төлжээ. Түүн шиг олон хүн улсын эмнэлгийн бараа харж чадалгүй, үхэх, сэхэхийн даваан дээр байгаа хэдийгээ барж, хувийн эмнэлэгт эмчлүүлж буй нь нууц биш. Ялангуяа манай улсад ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээг хийх эмч, мэргэжилтэн хүрэлцээгүй, хэвтүүлэн эмчлэх орны нөөц байхгүй байна. Ихэнх тохиолдолд гал унтраах төдий арга хэмжээ авч буй. Өөрөөр хэлбэл, коронавирусээр өвдсөн эрсдэлтэй бүлгийн иргэдийг хүндэрсэн тохиолдолд л эмнэлэгт хүлээн авч байна. Ингэхдээ эмнэлгээс гарсны дараа ямар арга хэмжээ авах, биеэ хэрхэн тэнхрүүлэх талаар ямар ч зөвлөмж, мэдээлэл өгөхгүй байгаа юм.
Сар шинийн баярын дараагаас коронавирусийн халдвар нэмэгдэж, хэвтэн эмчлүүлэх иргэдийн хөлд эмнэлэг дарагдах төлөвтэй байгааг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр мэдээлсэн. Цар тахлын нөхцөл байдлыг харахад ойрын өдрүүдэд хоногт коронавирус халдварын батлагдсан тохиолдол 900 орчимд хүрч, 2-3 хүн эндэж байна. 6000 орчим хүн хэвтэн эмчлүүлж буй гэх мэдээллийг ЭМЯ-ны вэб хуудаснаас харж болно. Халдварын тохиолдлын тоо, нас барсан хүн, хэвтэн эмчлүүлэгсэд, гэрийн хяналтад буй өвчтөн зэрэг тоон мэдээдэл уг вэб хуудсанд тодорхой байх боловч коронавирусийн дараах эмчилгээг хэчнээн хүн хийлгэж буй, тэдэнд ямар асуудал тулгараад байгаа талаарх мэдээлэл алга. Угтаа бол ковид туссан үеийн эмчилгээнээс дутахааргүй хожим илрэх хор уршгийг бууруулах, сэргийлэхэд анхаарал хандуулах зайлшгүй нөхцөл үүссэнийг эрдэмтэн судлаачид хэлж буй.
Мартаж, санахаас эхлээд зүрх дэлсэх, амьсгаадах, амархан ядарч сульдах, толгой өвдөх, цус өтгөрөх зэрэг ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлсөн олон зовуурь коронавирусээр өвдсөн хүмүүсийн олонход тохиолдож байна. Гэвч өвдсөн хүмүүсийн цөөнгүй нь хаана хандаж, хэрхэн эмчлүүлэх учраа олохгүй өдий хүрэв. Өвдөөд эмчлүүлсний дараа “Ковид-19”-ийн шинж тэмдэг үргэлжилсээр байгаа учир бүрэн эдгэсэн, эсвэл дахин халдвар авснаа ч ялгахад төвөгтэй байдал үүссэн. Өвчин нь даамжирч хүндэрсэн зарим нь хувийн эмнэлэг, сувилал бараадсаны хүчинд зовууриасаа салж буй. Өчигдрийн байдлаар “И-Монголиа”-д мэдээлснээр 899 706 хүн “Ковид-19”-өөр өвчилжээ. Хүн амын бараг гуравны нэг хувь нь цар тахалд нэрвэгдсэн гэсэн үг. Цаашид ч эл өвчнөөр өвдөх эрсдэл байсаар. “Ковид-19” устаж алга болоогүй хэвээр. Гэтэл Засгийн газар өвчилсөн иргэдийнхээ хожмын эрүүл мэндэд анхаарал хандуулсангүй. ДЭМБ-аас коронавирусийн дараах нөхөн сэргээх эмчилгээ зайлшгүй шаардлагатай гэж зөвлөсөн ч дорвитой арга хэмжээ авсангүй.
Дэлхий нийтээр 2019 оны эхээр коронавирус гэх аюулт цар тахалтай нүүр тулснаас хойш өдий хүртэлх хугацаанд Монгол Улс нөхөн сэргээх эмчилгээнд ач холбогдол өгөөгүй нь харамсалтай. Эмчилгээний нэгдсэн зөвлөмж, стандарт ч алга. Өөрөөр хэлбэл, “Ковид-19”- ийн дараах нөхөн сэргээх эмчилгээг хэрхэн хийх тухай зөвлөмжийг ЭМЯ-наас гаргалгүй өнөөдөртэй золгов. Ийм зөвлөмж байхгүйгээс хувийн хэвшлийн эмнэлгүүд “дур мэдэн” эмчилгээ эрхэлж буй талаар “Өнөөдөр” сонин өмнө нь асуудал хөндөж, нийтэлсэн. Аль наймдугаар сард л “Ковид-19”-ийн дараах нөхөн сэргээх эмчилгээг хэрхэн хийх тухай зөвлөмжийг ЭМЯ-наас гарах талаар ярьж байв. Журам гарсан, эсэхийг салбарын яамны хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнээс тодруулахад “Одоогоор журам гараагүй байна” гэсэн хариу өгсөн юм.
Энэ сарын 14-нд Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг багасгах зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулсан. Өөрөөр хэлбэл, манай улс амны хаалт зүүх, ариун цэврээ сахихаас өөрөөр “хатуу хориг”- гүй болсон билээ. Хэдийгээр халдварын тархалт багасаж буй гэх боловч өвдөөд эдгэсэн хүмүүст хоруу чанар илэрсээр байна. Тухайлбал, “Ковид-19” туссаны улмаас уушги нь хатуурч, хүчилтөрөгчийн дутагдалд орсон иргэн цөөнгүй. Үүнээс болж гэнэт ухаан алдаж унах, хоёр, гурван удаа халдвар авснаас үүдэн шинж тэмдэг нь огт арилахгүй шаналж буй хүн цөөнгүй. Барьсан, тавьснаа мартахаас эхлээд альцхаймерын өвчин тусах эрсдэл өндөр буйг судлаачид хэлж байгаа юм. Коронавирус нь уушги, тархины эд, эсэд эргэшгүй өөрчлөлт оруулсан тохиолдол олон. Тархины эд, эс нь өөрчлөгдсөнөөс яваандаа альцхаймераар өвдөх эрсдэлтэйг олон улсын судалгаанд дурджээ. Энэ талаар шинжлэх ухааны доктор, судлаач Д.Наранбаатар “Урт хугацааны дараа “Ковид- 19”-ийн эмгэг хямрал элэгний өвчин шиг нүүрлэх аюултай байна. Жишээ нь, манай улсад хэдэн жилийн өмнө умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг охид, эмэгтэйчүүдэд хийх гэтэл эсэргүүцэлтэй тулж зогсоосон. Одоо умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин хийлгэсэн Австрали, АНУ зэрэг улсад эл өвчний тархалт буураад байна. Австрали улс одоо энэ хавдрыг бууруулах бус, бүр устгая гэсэн зорилт дэвшүүлжээ. Гэтэл манай улсад эмэгтэйчүүдэд тохиолдож буй хавдрын хоёрдугаарт умайн хүзүүнийх бичигдэж байна. Үүгээр юу хэлэх гэсэн бэ гэхээр аливаа өвчнөөс хамгаалах гол “зэвсэг” нь вакцин. Коронавирусийн хувьд ч ялгаагүй тусахаас нь өмнө хамгаалах хэрэгтэй. Хүндэрсний дараа эмчлэх амаргүй. Манай улсад цар тахлын улмаас нас барсан 2000 гаруй хүний 50-иас дээш хувь нь вакцин огт хийлгээгүй, үлдсэн хувийн олонх нь вакцины нэгдүгээр тунтай байсан. Уушги, зүрх судас, тархийг “барьж” өвчлүүлж байгаа хожим илрэх хоруу чанар ихтэй энэ тахлаас сэргийлэх гол арга нь вакцин. Нэгэнт туссан бол дараагийн арга нь нөхөн сэргээх эмчилгээ юм. Цар тахлын улмаас уушгины хатуурал, хавдар, сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс ихсэх хандлагатай байна. Сэтгэл гутрал, айдас, түгшүүр зэрэг эмгэг хурцаар илрэх болов. Урт хугацааны хүндрэлээс сэргийлэхэд улс анхаарах цаг болсон” хэмээв.
“Монгол, Японы хамтарсан эмнэлэг”-ээс өөрөөр улсын томоохон эмнэлгүүд “Ковид- 19”-ийн дараах нөхөн сэргээх эмчилгээг хийж буй, эсэх нь тодорхойгүй байна. Цар тахлын оргил үед бүх эмнэлэг тусгаарлан эмчлэх тасаг нээж, өвчтөн хүлээж авсан. Харин одоо бүх эмнэлгийг урьдын адил хэвийн үйл ажиллагаанд нь шилжүүлсэн. Тухайлбал, ХСҮТ гэхэд өмнө нь коронавирусээр өвдсөн хавдартай иргэдийг өөрийн байрандаа хүлээн авч, тусгаарлан эмчилж байсан юм. Гэхдээ тухайн үед, одоо ч цар тахлын дараах нөхөн сэргээх эмчилгээ хийгээгүй. Өвчтөнүүдийн дараалал их, ачаалалтай ажиллаж буй учраас коронавирусийн дараах эмчилгээг хийх боломжгүйг тус эмнэлгийн ажилтан хэлсэн. Энэ мэтээр цар тахлын дараах нөхөн сэргээх эмчилгээ анхаарлын гадна үлджээ.
Бэлтгэсэн Ч.Болортуяа