2021 оны IV улирлын тоон мэдээллээр Монгол Улсад 540 200 гаруй эмэгтэй ажил хөдөлмөр эрхэлж байна. Тэдгээрийн 355 500 гаруй нь цалин авч ажилладаг бол 156 200 гаруй эмэгтэй хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Мөн 14 800 гаруй эмэгтэй ажил олгогч бий гэсэн статистик гарчээ. Энэ жил Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ” хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлж эхэлсэн.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2022 оны батлагдсан төсвийн хүрээнд санхүүжилтийг орон нутгийн онцлогт нийцүүлэн хуваарилж, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулахад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас удирдлагаар хангаж, хяналт тавьж буй. Үүний дагуу төсвийн гүйцэтгэлийг улирал тутам тайлагнаж ажиллахыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөр эрхлэлтийн аймаг, нийслэл, дүүргийн зөвлөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн дарга нарт даалгасан байна.