Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК 2022 оны зуны буюу ирэх сарын 27- ноос аравдугаар сарын 29 хүртэлх нислэгийн хуваариа танилцуулав. Тус компани долоо хоног бүр Франкфурт хотын чиглэлд 2-3, Сөүлийн чиглэлд 4-7, Токио руу 2-3, Москва руу хоёр удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр болсон аж. Франкфурт хот руу даваа, лхагва, бямба гарагт нисэх нь. Тэгвэл Сөүл чиглэлд долоо хоногийн бүх өдөр, Токио руу даваа, лхагва, баасан гарагт нисэхээр төлөвлөжээ. Түүнчлэн Москва руу ирэх сарын эцсээс зургадугаар сарын 29 хүртэлх хугацаанд лхагва, бямба гарагт 07.35 цагт нисэх гэнэ.
ИНЕГ мөн 2022 оны зуны цагийн олон улсын нислэгийн хуваарийг баталснаа мэдээллээ. Агаарын тээврийн МИАТ, “Аэро Монголиа”, “Hunni air”, “Eznis airways”, “Turkish airlines”, “Air China”, “Aeroflot”, “Korean air”, “Air Busan” компани үүний дагуу нислэгийн хуваарь, төлөвлөлтөө зохион байгуулах гэнэ. Эдгээр компани БНХАУ-ын Бээжин, Гуанжоу, Хөх хот, Тяньжин болон Хонконг, ОХУ-ын Москва, Эрхүү, Улаан-Үд, БНСУ-ын Сөүл, Бусан, Японы Токио, Осака, Киргизийн Бишкек, Казахстаны Нур-Султан, Алматы, Туркийн Истанбул чиглэлд нислэг үйлдэх аж. Гэхдээ цар тахлаас шалтгаалж хилээ хаагаад буй БНХАУ-ын Бээжин, Хөх хот, Гуанжоу, Тяньжин, засаг захиргааны онцгой бүс Хонконг, БНСУ-ын Бусан зэрэг чиглэлд хилээ нээж, хориг арга хэмжээг цуцалсан тохиолдолд ниснэ гэв. Бээжинд өвлийн олимп өндөрлөсөн тул урд хөрш хилээ нээнэ гэж таамаглаж буйг эх сурвалж дурдлаа. Сонирхуулахад, МИАТ компанийн “JU-1021” агаарын хөлөг Бруней улсын Бандар Сери Бегаван хотын олон улсын нисэх буудалд ачаа тээврийн нислэг үйлдэн өнгөрсөн бямба гарагт анх удаа газарджээ.
Бэлтгэсэн Б.Сонор