Гандантэгчэнлин хийд орчмын гэр хороолол бол нийслэлийн хамгийн бохирдолтой хэсгүүдийн нэг. Улаанбаатар хотын хамгийн анхны суурьшлын бүсүүдийн нэг гэгддэг энэ газар 200 илүү жилийн түүхтэй. Хотын төв хэсэгт оршдог уг газар өнгөрсөн хугацаанд төдийлөн өнгө засаагүй бөгөөд харин ч хамаг бохирдол нь хуримтлагдаж, улам гундан доройтсоор байгаа. Уг нь түүхэн дурсгалтай эл газрыг өөд татна, янз бүрийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж хотын үе үеийн удирдлага ярьж, амлаж ирсэн. Гэсэн ч амлалтууд нь биелсэнгүй, дарга нар ч биелүүлье гэж дорвитой “хөдөлсөн” ч үгүй.
Гандан орчмыг хамгийн ихээр гутаадаг хэсэг нь гэр хороолол. Тэнд 1500 гаруй өрх амьдардаг бөгөөд хөрсний бохирдол туйлдаа хүрч, хашаануудад нь жорлон ухах, угаадсаа асгах ч газар үлдээгүй гэж иргэд хэлдэг юм билээ. Ийм нөхцөл байдлыг өөрчилж, сайжруулах санаачилгыг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл 2013 онд гаргажээ. Тэрбээр Баянгол дүүргийн 16 дугаар хороо буюу Гандан орчмын гэр хороололд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр санаачилсан. Тодруулбал, гэр хорооллын айлуудын газрыг орон сууцаар солих шийдэл гаргаж байв. Гэсэн ч иргэд үүнийг дэмжсэнгүй. Улмаар дахин төлөвлөлтийг албадлагаар хэрэгжүүлэх эрх зүйн орчин байхгүй тул Гандангийн дэнжийг өөрчлөх боломж нь хязгаарлагдан, Засаг дарга “бууж өгчээ”. Ийнхүү Гандан орчмын гэр хорооллыг орон сууцынх болгох төлөвлөгөө замхарсан байна.
Тэгвэл Э.Бат-Үүлийн халааг авсан Засаг дарга С.Батболд Гандангийн дэнжийг аялал жуулчлалын гудамж болгох шийдэл гаргаж байв. Үүний хүрээнд эхний ээлжид гэр хороололд инженерийн дэд бүтэц бий болгон, цаашлаад амины орон сууцын хороолол, жуулчдад зориулсан үйлчилгээний төвүүд байгуулах шийдэлд хүрсэн юм. Дэд бүтцийн зарим ажлыг ч эхлүүлсэн аж. Уг нь одоогоор Гандан орчмын гэр хорооллын долоон гудамж инженерийн дэд бүтэцтэй болсон байна. Гэхдээ үүнд нэг ч айлыг холбоогүй. Гол шалтгааныг хорооны Засаг дарга Х.Энх-Эрдэнээс тодруулахад “Инженерийн дэд бүтцийг цаашид илүү өргөтгөж, бусад гудамжийг ч холбох шаардлагатай гэсэн. Ингэснээр айлууд холбогдох боломжтой юм билээ. Дулаарахаар ажил эхлэх байх аа” гэв.
Энэ мэтээр Гандангийн дэнжийг өөрчилж, хөгжүүлэх шаардлагатай хэмээн анх ярьснаас хойш өдгөө 10 орчим жилийн нүүр үзэж, нийслэлийн Засаг дарга дөрөв дэх удаагаа солигдоод байна. Гэсэн ч тэдний хэн нь ч дорвитой шийдэл гаргаж, шийдвэртэй арга хэмжээ авсангүй. Харин “Гандангийн дэнжийг аялал жуулчлалын, соёлын бүс болгоно” гэх мэт яриагаа тоть шиг давтсаар л. Бас янз бүрийн ашиг сонирхол бүхий, газраа хэдэн тэрбумаар үнэлсэн хүмүүс Гандангийн дэнжийн дахин төлөвлөлтөд үргэлж саад учруулсаар ирсэн байдаг. Эл хоёр асуудал хэзээ “уулзаж”, нэг цэгт огтлолцох нь өдгөө ч тодорхойгүй.
Одоогоор хамгийн сүүлд яригдсан зүйл гэвэл Засгийн газраас өнгөрсөн онд Гандан орчмыг соёл, аялал жуучлалын бүс болгох шийдвэр гаргасан. Үүний ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах үүргийг нийслэлийн холбогдох албаныханд өгсөн юм. Уг ТЭЗҮ, зураг төсөл хэзээ бэлэн болж, ямар ажлууд хийх нь бас л бүрхэг бөгөөд Гандангийн дэнж навсайж доройтсон хэвээрээ л байна.
2013 оны нэгдүгээр сар
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслөө танилцууллаа. Үүнд Баянгол дүүргийн 16 дугаар хороо буюу Гандантэгчэнлин хийд орчмын гэр хорооллыг хамруулжээ.
2013 оны дөрөвдүгээр сар
Баянгол дүүргийн 16 дугаар хорооны дахин төлөвлөлтөд хамрагдах гэж буй иргэдийн төлөөлөл эсэргүүцэл илэрхийлж, нийслэлийн холбогдох албаныханд уг төслийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөхгүй гэдгээ удаа дараа мэдэгдэв. Дахин төлөвлөлт хийх эрх авсан “Эко констракшн”, “Пума констракшн” компани иргэдэд “таалагдсангүй”.
2014.05.16
“ГУДАМЖ” төслийн нэгж: Гандангийн дэнжийн дэд бүтцийг сайжруулж, гудамж, замыг шинэчилнэ. Гандангийн гудамж нарийхан тул уг онцлогт нь тааруулж шинэчлэл хийнэ. (“Гудамж” төслийнхөн хэвлэлийн бага хурлын үеэр)
2014.07.22
“Гудамж” төслийн нэгжээс Гандан орчмын Орхоны зургадугаар гудамжийг тохижууллаа. Тэнд авто болон явган хүний зам тавьж, хашааг нь нэгэн жигд өнгөөр будав. Цаашдаа үлдсэн 30 гудамжийг уг загвараар тохижуулахаас гадна инженерийн дэд бүтэц бий болгоно гэж тус төслийнхөн мэдээлж байсан ч үүнийгээ хэрэгжүүлээгүй.
2014.12.04
Баянгол дүүргийн ЗДТГ-аас “Иргэдийн оролцоотой дахин төлөвлөлт” зөвлөгөөн зохион байгуулав. Гандантэгчэнлин хийд орчмын гэр хорооллыг дахин төлөвлөх төсөл хэрэгжүүлэхээ энэ үеэр илэрхийлсэн. Ингэснээр Гандан орчим нь Улаанбаатар хотын бизнесийг хөгжүүлэх тусгай бүс болно хэмээж байлаа.
2015.03.23
Э.БАТ-ҮҮЛ (Нийслэлийн Засаг дарга):
-Уг нь Гандангийн дахин төлөвлөлтийг хамгийн эхэнд хийж, хүмүүст харуулъя гэж бодсон. Тэнд эртний загва-
рыг агуулсан жишиг хороолол босох байлаа. Гэсэн ч иргэд эзэмшил газраа дахин төлөвлөх сонирхолгүй байна. Тэднийг хүчилж хэрхэвч болохгүй. Ийм учраас дахин төлөвлөлт явуулах боломж бүрдсэнгүй.
(Дахин төлөвлөлтийн асуудлаарх хэвлэлийн бага хурлын үеэр)
2015.06.26
Нийслэлийн ИТХ-аас Гандантэгчэнлин хийд орчмын гэр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлав. Уг төлөвлөлтөөр бол Гандан орчмыг аялал жуулчлалын бүс болгох бөгөөд гэр хорооллын айлуудыг инженерийн дэд бүтцэд бүрэн холбохоор тусгажээ. Мөн тус бүсэд барих барилгын өндрийн дээд хэмжээ нь 15 метр, таван давхраас ихгүй байхыг заасан аж.
2016.11.11
С.БАТБОЛД (Нийслэлийн Засаг дарга):
-Гандангийн бүс нутаг бол Улаанбаатар хотын үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой. Нөгөө талаараа Монгол орны шашин, соёлын төв болсон газар юм. Бид Гандан орчмыг аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэхээр төлөвлөж байна. “Гандангийн хөгжилд залуусын оролцоо” ТББ-аас зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр)
2017.05.25
М.ГАНБААТАР (Нийслэлийн
Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга):
-Улаанбаатар хо тод жилд 400 000 гаруй жуулчин ирдэг гэсэн судалгаа гарсан. Жуулчдын хамгийн их очдог газруудын нэг нь Гандан. Бид энэхүү судалгаанд үндэслээд, аялал жуулчлалын гудамж байгуулахаар төлөвлөсөн. Уг ажлыг 2018-2019 онд бүрэн дуусгана. (хэвлэлд өгсөн ярилцлагаас)
2017.06.23
Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газраас Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Орхоны 2-4 дүгээр гудамжинд “Аялал жуулчлалын цогцолбор гудамж” төсөл хэрэгжүүлэхээр шав тавилаа. Энэгурван гудамж нь нийт 1.9 га талбай, 74 нэгж талбарыг хамарч байжээ. Үүнээс 23 нэгж талбарыг нь чөлөөлж, айл өрхүүдийг түр орон сууцад оруулсан гэж тухайн үед мэдээлж байв. Улмаар нийслэлийн Засаг дарга С.Батболд тухайн онд А/883 дугаар захирамж гаргаж, 700 сая төгрөгийг уг ажилд зарцуулахаар шийдвэрлэжээ.
2018.03.02
Нийслэлийн Засаг дарга С.Батболд А/203 дугаар захирамж гаргаж, 500 сая төгрөгийг Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Орхоны 2-4 дүгээр гудамжны инженерийн дэд бүтцийн ажилд зарцуулахаар шийдвэрлэсэн байна.
2020.04.23
Д.МӨНХЖАРГАЛ (Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч):
-Гандан орчмын гэр хорооллыг яндан, нүхэн жорлонгүй бүс болгоно. Гандантэгчэнлин хийд орчмын гэр хороолол нь хотын төвд байрладаг, яндангүй хороонд үе шаттайгаар шилжих бүсэд хамаарч байна. (Газар дээрх нөхцөл байдалтай танилцах үеэр)
2021.06.05
Д.СУМЪЯАБАЗАР (Нийслэлийн Засаг дарга):
-Гандан хийдийг өв соёл дээр суурилсан соёлын аялал жуулчлалын байдлаар хөгжүүлнэ. 53 га газарт иргэдтэй ярилцаж, төлөвлөлт хийж, улс нийслэл, бусад эх үүсвэрээр хөрөнгө оруулалтыг шийднэ. (Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй албаны хүмүүс Баянгол дүүрэгт ажиллах үеэр)
2021.06.23
Засгийн газрын хуралдаанаас Гандан орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр шийдвэрлэж, ТЭЗҮ, зураг төслийг боловсруулах үүргийг нийслэлийн холбогдох албаныханд өгөв.
2021.12.02
Х.ГАНХУЯГ (УИХ-ын гишүүн):
-Гандан орчмын айл өрхийг инженерийн дэд бүтцийн төвлөрсөн шугам сүлжээнд холбохоор шинэчилсэн ТЭЗҮ хийж байгаа. Ингэхдээ айл өрхийг ипотекийн зээлд хамруулж, Ганданг автомашингүй бүс болгох шаардлагатай байна. (Баянгол дүүргийн 16 дугаар хорооны иргэдтэй уулзах үеэр)
Бэлтгэсэн М.ОЧ