…Тэдний ярьж, тооцоолсон нь хэрэгжвэл 18 жилийн дараа гэхэд Хөшигийн хөндий Монгол Улсын гадаад худалдааны ачаа тээврийн сүлжээний хамгийн том төв болох нь. Зуунмод сум бизнес, соёлын аялал жуулчлалын тулгуур төв болж хөгжих нь. Хотжилт, хэт төвлөрлөөс үүдэлтэй түмэн асуудалд ээрүүлсэн нийслэлчүүдийн зовлон бэрхшээл бага ч атугай нимгэрэх нь. Төсөөлөхөд дэндүү сайхан. Гэвч энэ бүхнийг бодитоор хэрэгжүүлэх нь төсөөлөхөөс тэс ондоо зүйл юм…
2040 он. Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг түшиглэсэн “Шинэ Зуунмод” (Аэро сити байсныг ийнхүү өөрчилсөн) болон “Майдар” төслүүдийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд нийслэл төдийгүй Монгол Улсын хөгжил богино хугацаанд олон шат урагшилжээ. Хоёр дахь Улаанбаатар хэмээн нэрийдэх болсон энэ газрын үлгэр жишээ төлөвлөлт, зохион байгуулалтыг сонирхсон жуулчид, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын цуваа тасардаггүй гэнэ. Шинэ Зуунмод хот нь техник, технологи, инновацын үйлдвэрлэлийг өндөр түвшинд хөгжүүлсэн, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжсэн, зорчигч, тээврийн нэгдсэн зангилаа бүхий эдийн засгийн чөлөөт бүс гэдгээрээ алдартай. Харин Майдар нь манай орны соёл, уламжлал, онцлогийг илтгэхүйц барилга, байгууламж, дурсгалуудтай учраас аялал жуулчлалын идэвхтэй бүсэд тооцогддог, инженерийн дэд бүтцээ ухаалгаар шийдсэн эко хот юм. Эндээс Монголын өнөө цагийн хөгжил болон өнгөрсөн үеийн түүхийг тольдох боломжтой. Мөн тус хотод их, дээд сургуулиудыг цогцолбор байдлаар нэг дор төвлөрүүлсэн нь зохион байгуулалтын хувьд оновчтой шийдэл болжээ.
Шинэ Зуунмод, Майдар хотыг анх 150 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн ч өдгөө энэ тооцооллыг хэдийн давжээ. Эндхийн суурьшлын бүс тэлж, худалдаа, үйлчилгээний салбар хөгжиж, үйлдвэрлэл өргөжихийн хэрээр ийшээ чиглэсэн шилжилт хөдөлгөөн эрчимжсээр буй аж. Төв аймаг болон Сэргэлэн сум (нисэх буудал харьяалагдаж буй)-ын хүн амын тоо ч эрс нэмэгджээ. Үүний ачаар Улаанбаатарыг чиглэсэн их нүүдэл саарч, хэт төвлөрлөөс үүдэлтэй асуудлуудыг шийдвэрлэх нөхцөл бололцоо бүрдсэн гэнэ.
Одоогийн Засгийн газрын тэргүүний ярьж буй зүйл, УИХ-ын баталсан Хот байгуулах тухай тогтоолын төсөл, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал (концепц), Барилга, хот байгуулалтын болон Зам, тээврийн хөгжлийн сайдын өгсөн мэдээлэл, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан ажлын хэсгийнхний танилцуулсан төлөвлөгөөнөөс мөрөөдлийн гэмээр “гоё” хотуудын дүр зургийг ийнхүү бий болгов. Тэдний ярьж, тооцоолсон нь хэрэгжвэл 18 жилийн дараа гэхэд Хөшигийн хөндий Монгол Улсын гадаад худалдааны ачаа тээврийн сүлжээний хамгийн том төв болох нь. Зуунмод сум бизнес, соёлын аялал жуулчлалын тулгуур төв болж хөгжих нь. Хотжилт, хэт төвлөрлөөс үүдэлтэй түмэн асуудалд ээрүүлсэн нийслэлчүүдийн зовлон бэрхшээл бага ч атугай нимгэрэх нь. Төсөөлөхөд дэндүү сайхан. Гэвч энэ бүхнийг бодитоор хэрэгжүүлэх нь төсөөлөхөөс тэс ондоо зүйл юм. Ялангуяа манайх шиг бүтээн байгуулалтыг хэдэн он дамнуулан сунжруулдаг, төсөв, санхүүжилтийг нь шийдэхдээ хойрго, бодлогын залгамж халаагүй, нэг даргын санаачилж хэрэгжүүлснийг нөгөө нь үгүйсгэж гацаадаг, хот байгуулалт, төлөвлөлтийн туршлага нимгэн, төсөл, хөтөлбөр, тендерийн цавчаа гаарсан улсад ийм томоохон ажлыг санасны зоргоор урагшлуулах амаргүй
.Хөшигийн хөндийд шинэ нисэх буудал барих гэж л арав гаруй жил хэлэлцэж, “хэрэлдсэн” улс шүү дээ, бид. Ийм хэрэгцээ, шаардлага үүссэн гэдгийг холбогдох албаны хүмүүс илэрхийлж, асуудал дэвшүүлж эхэлсэн цаг хугацаанаас тооцвол эл бүтээн байгуулалтын тухай яриа 30-аад жилийн өмнөөс эхтэй юм билээ. Харин УИХ 2008 онд шинэ нисэх буудал барих зээлийн гэрээг баталж, үүнээс таван жилийн дараа барилгын ажлыг эхлүүлсэн байдаг. “Майдар”, “Шинэ Зуунмод” зэрэг дагуул хот байгуулах тухай яриа ч энэ үеэс эрчимжиж, ерөнхий төлөвлөгөө боловсруулах, инженер, геологийн суурь судалгааг албан ёсоор эхлүүлсэн. Эл судалгаа, төлөвлөлт нэг засгаас нөгөөгийн “гар дамжин”, 10 орчим жил “нухлагдсан” гэхэд болно. Ингэж явсаар 2018 онд л шинэ хотуудын болон Зуунмод сумыг төвийн бүсийн тулгуур төв болгон хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталсан. Харин одоогийн Засгийн газар Майдар болон Шинэ Зуунмодыг алслагдмал зайд бус, нэгдсэн байдлаар төлөвлөх ёстой хэмээн үзсэн нь дээрх баримт бичгийг дахин шинэчилж боловсруулах нөхцөл болсон юм. Үүнд тусгаснаар бол 2030 он гэхэд дагуул хотуудын барилга, байгууламж, дэд бүтцийн суурийг тавьсан байх гэнэ. Харин 2040 он гэхэд Монгол Улсын хөгжлийг шинэ түвшинд аваачсан хот хэдийн бий болох учиртай. Үндсэндээ бүтээн байгуулалтын суурь ажлуудыг гүйцэтгэх найм, амьдрал буцалсан шинэ суурин бий болгох 18 жилийн хугацаа үлдсэн гэсэн үг. Гэвч хурал, хэлэлцүүлгээс хэтрэхгүй байгаа, зураг төсөл, газрын байршил нь зах зухаасаа дөнгөж тодорхой болж буй одоогийн нөхцөлөөс харахад Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт төлөвлөсөн хугацаандаа амжих, эсэх нь тун бүрхэг. Энэ төсөл цаашид хэр тогтвортой үргэлжлэх нь ч ихээхэн эргэлзээ дагуулж буй юм.
Шинэ нисэх буудалд түшиглэн дагуул хот байгуулах ажлыг эрчимжүүлэхтэй холбоотойгоор БХБЯ-наас ажлын хэсэг томилоод буй. Тус ажлын хэсгийнхнээс төслийн явц ямар шатандаа байгааг тодруулахад “Эл хотуудыг олон улсын жишгээр байгуулах учраас нэлээд ул суурьтай хандаж байна. Хэд хэдэн орны чөлөөт бүсийн төлөвлөлтийн судалгаа, тайланг үзэж, Барилга, хот байгуулалтын сайд болон холбогдох бусад албаны хүмүүст танилцуулсан. Хот байгуулалтын суурь судалгаа, инженер, геологийн судалгаа, дэвсгэр зураг үндсэндээ бэлэн болж байна” хэмээн товчхон мэдээлэл өглөө. Гүйцэтгэлийн ажил хэдийнээс эхлэх товтой вэ гэхэд “Баттай хугацааг хэлж мэдэхгүй нь. Эхний ээлжид төлөвлөлт, зураг төслөө жин тан болгох, газрын асуудлыг шийдэх даалгавартай байна” гэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн бямба гарагт Хөшигийн хөндийд ажиллахдаа дагуул хотуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон зураг төсөлтэй танилцжээ. Албаныхны мэдээлснээр бол тухайн бүсэд барихаар төлөвлөсөн барилга, байгууламжийн (Засгийн газрын нэгдсэн цогцолбор, ИНЕГ-ын ажилтнуудад зориулсан 600 айлын орон сууц, эдийн засгийн чөлөөт бүсийн гэх мэт) заримынх нь л зураг төсөл бэлэн болсон гэнэ. Үүнийгээ Засгийн газрын тэргүүнд тайлагнажээ. Харин оюутны хотхон, эрдэм, шинжилгээ, худалдаа, үйлчилгээ, тээвэр, ложистикийн төв, соёл, амралтын цогцолбор, музей, зочид буудал, орон сууцын хороолол зэрэг ерөнхий төлөвлөгөөнд тусгасан ихэнх байгууламжийн зураг төсөл бэлэн болоогүй аж. Эдгээрийг БНСУ, Казахстан, Сингапурын загвараар байгуулахаар төлөвлөж, холбогдох мэргэжилтнүүдээс зөвлөх үйлчилгээ авч буй гэжээ. Эндээс дүгнэхэд, “Шинэ Зуунмод”, “Майдар” төслийн ажил зуун задгай байна.
Ерөнхий сайдыг Төв аймагт ажиллах үеэр анхаарал татахуйц нэг асуудал хөндөгдсөн нь шинэ нисэх буудал орчим дахь газар чөлөөлөлт. Хөшигийн хөндийн 50 мянган га талбайд дагуул хотын төлөвлөлт хийсэн. Гэтэл тухайн бүсэд 3100 гаруй иргэн, аж ахуйн нэгж газар ашиглагч, эзэмшигч, өмчлөгчийн бүртгэлтэй буй аж. Ерөнхий сайд эдгээрийг нарийвчлан шалгаж, авлигын асуудалтай холбоотой, эсэхийг тогтоохыг Шадар сайд С.Амарсайханд үүрэг болгосон гэх. Цаашид эл бүсэд нэмж газар олгохгүй байх чиглэлийг холбогдох албаныханд өгчээ. Уг нь газар чөлөөлөлттэй холбоотой энэ асуудлыг аль өнгөрсөн жилээс хөндөж эхэлсэн. Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах журмын дагуу тус хэсгийн (нөхөн олголтоор солих, хууль бусыг нь цуцлах зэргээр) газрыг чөлөөлөхөөр төлөвлөж, холбогдох албаныхан 2021 оны намраас “хөдөлсөн” ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарчээ. Хэрэв үүнийг даруй нэг тийш болгохгүй бол “Майдар”, “Шинэ Зуунмод” төсөл дүүжин тээврийнхтэй нэгэн адил бэрхшээлтэй тулгарч болзошгүй нь. Хотын нийтийн тээврийг шинэчлэх, үйлчилгээг сайжруулах зорилгоор санаачилсан эл төслийн судалгаа, зураг төсөл, ТЭЗҮ зэрэг бэлтгэл шатны бүх зүйл нь базаагдаж, төлөвлөгөө ёсны дагуу ажлаа эхлүүлэх гэтэл газар чөлөөлөлтөөс үүдэлтэй түмэн асуудал “босож”, улмаар дахин төлөвлөлт хийх, чиглэлийг нь өөрчлөх шаардлагатай болсон. Санхүүжилтийн гачигдал, нийгэм, улс төрийн тогтворгүй байдал зэргээс гадна ийм нэгэн асуудал Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтыг “дөнгөлөх” эрсдэл байна
Одоогийн байдлаар “Чингис хаан” олон улсын нисэх буудалд түшиглэсэн дагуул хотуудын бүтээн байгуулалтын ажил чухам хэзээ эхлэх нь тодорхойгүй. Зураг төсөл нь гүйцэд ч бэлэн болоогүй, газар чөлөөлөлт зэрэг наад захын асуудлаа шийдэж чадаагүй байна. Гэтэл Засгийн газар “Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа” байгуулаад, үйл ажиллагааг нь санхүүжүүлээд эхэлчихлээ. Тодорхойгүй нөхцөлд, яаран сандран байгуулсан ийм газар төсөвт олон сая төгрөгийн дарамт учруулахаас өөрөөр тус нэмэрболдоггүй, хэсэгхэн хугацааны дараа татан буулгасан тохиолдол нэг бус. Хамгийн сүүлд гэхэд, “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа”-г ийм шалтгаанаар татан буулгасан. Тус газар хоёр жил хүрэхгүй хугацаанд улсын төсвөөс хагас тэрбум төгрөгийн санжүүжилт авсан ч түүнийхээ хэргийг гаргаж чадаагүй. Хариуцсан төсөл нь гараанаасаа хөдлөөгүй. Тэгвэл “Чингис хаан” нисэх буудлын орчим дахь бүтээн байгуулалт хариуцсан захиргаа ч үүнийг давтахгүй гэх баталгаа алга. Тус захиргаа “өрх тусгаарлаагүй” байхдаа (өнгөрсөн оны сүүлчээр) л судалгаа хөгжүүлэлт, хамтын ажиллагаанд шаардагдах техник хэрэгсэл, албан хэрэгцээний компьютер авах нэрийдлээр төсвөөс 70 орчим сая төгрөг авсан байна билээ. Цаашид энэ тоо хэдэн оронтой болж нэмэгдэхийг, эл газар хэчнээн жил ийм байдлаар үйл ажиллагаа явуулахыг төсөөлөх аргагүй. Нэг л өдөр тус захиргааг татан буулгасан тухай дуулдвал гайхах зүйлгүй нь. Тэрчлэн 2030 он гэхэд Хөшигийн хөндий “нүцгэн” хэвээр, ганц нисэх буудал дүнсийж байхыг ч үгүйсгэхгүй. Гүйцээж чадалгүй орхисон барилгын “араг яс” энд тэндгүй үзэгдэж, тал дээр ердөө таван “байшин” боссон байх вий.
Налайх, Багануур зэрэг алслагдсан дүүргийг дагуул хот болгоно, нийслэлд метро, хөнгөн галт тэрэг нэвтрүүлнэ, их, дээд сургуулиудын цогцолбор байгуулна, Дархан-Уул аймгийн чиглэлийн замыг ойрын хугацаанд засаж дуусгана гэсэн амлалтад олон жил хууртаж, итгэл алдарсан иргэдийн хувьд нүцгэн талыг хот болгон хувиргах төлөвлөгөө хэчнээн хөндий, итгэл үнэмшилгүй сонсогддогийг эрх баригчид ер нь төсөөлдөг болов уу.