“Илүүдэл жингүй эртэч монгол” аяныг улс даяар өнөөдөр эхлүүллээ. Спортын төв ордны А зааланд залуус цуглаж, зарим алдартай тамирчидтай нэгдэн аэробикийн анхан шатны дасгалыг хамтдаа хийв. Дасгалыг багш Л.Саруулбат, Э.Мөнх-Оргил нар удирдан явуулсан. Залуус дасгал хийж дууссаны дараа ахмад тамирчдын зөвлөгөөг сонсож, нээлттэй ярилцлаа. Улмаар биеийн тамир, хөдөлгөөн маш чухлыг дор бүрнээ онцолж, бусдыгаа аянд нэгдээрэй хэмээн уриаллаа.
Биеийн тамир, спортын улсын хорооноос үүнтэй холбоотойгоор 2022 онд иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах, дөрвөн зорилт дэвшүүллээ.
Үүнд:
Эртэч, идэвхтэй нийгмийг бий болгох,
Эртэч идэвхтэй иргэн бэлтгэх,
Хүртээмжтэй аюулгүй орчин,
Нэгдмэл зохицуулалтай тогтолцоог бүрдүүлэх зорилтууд багтжээ.
Энэ хүрээнд хоёрдугаар сарын 16-наас буюу өнөөдрөөс эхлэн зургадугаар сарын 1 хүртэл орон даяар “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг эхлүүлж, 21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын спорт заал, танхимыг 06.30-07.30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгож, иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээлллэхийг уриалж байна.