Өвөрхангай аймаг 2022 оныг “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх-Орчны бохирдлыг бууруулах” жил болгон зарласантай холбогдуулан улирал бүр “Бүх нийтийн цэвэрлэгээ” зохион байгуулж байна. Уг ажлын хүрээнд Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн байнгын бүрэлдэхүүн буюу танкийн тусгай хорооныхон энэ “Өвөрхангай-Улаанбаатар” чиглэлийн авто зам дагуух 10 км газрын хогийг цэвэрлэж, орчныг нь цэмцийлгэлээ.
Нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн энэхүү үйлсийг орон нутгийн удирдлагууд үнэлж “Байгаль орчинд ээлтэйгээс гадна улсын чанартай төв замын хоёр талын үзэгдэх орчны өнгө үзэмжийг та бүхэн нэмэгдүүлж чадлаа. Зэвсэгт хүчний 256 дугаар ангийнхан орон нутагтаа үргэлж хүн, хүчээр дэмжлэг үзүүлдэгт баярлалаа” хэмээн талархал илэрхийлсэн юм.