Зам, тээврийн хөгжлийн яам болон Гаалийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв зэрэг байгууллагууд хамтран долоо хоногийн мягмар, баасан гарагт хилийн боомтуудын нөхцөл байдлыг танилцуулж буй.
Албаныхан ээлжит мэдээллээ хийв. Мэдээллийн эхэнд ЗТХЯ-ны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга улсын хилээр орж ирсэн ачаа барааны талаар танилцуулав.
Тэрбээр "Эрээн-Замын-Үүдийн авто замын боомт нээгдээд 10 хонож байна. Энэ хугацаанд 418 тээврийн хэрэгслээр 549 чингэлэгт ачааг улсын хилээр нэвтрүүлээд байна. Эрээн-Замын-Үүд боомтын үйл ажиллагаа зүгширч, ерөнхийдөө хэвийн байдалдаа орох хандлагатай болсон" хэмээв.
Мөн Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар "Ажлын хэсэг өдөр бүр хуралдаж, үүрэг, чиглэл Замын-Үүдийн удирдлагад өгч байгаа. Замын-Үүдэд байгаа олон мянган жолооч нар хэрхэн ажиллах вэ гэдэг талаар асуудаг. Дундын тээвэрлэлтэд жолооч нар хүндэтгэлтэй хандана гэдгээ илэрхийлсэн. Замын-Үүдээс хот руу тээвэрлэх ажилд жолооч нар оролцох боломжтой. Евро Ази руу тээвэрлэлт хийх боломжийг эрэлхийлж ажиллахыг Шадар сайд холбогдох газруудад даалгасан" гэх мэдээллийг өглөө.