БОАЖЯ-аас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр "Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл"-ийг хэргэжүүлж буй. Төслийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт баригдах 37.9 км хатуу хучилттай автозам, барилгын ажлыг ирэх оны нэгдүгээр сард эхлүүлэхээр болжээ. Тодруулбал, БОАЖЯ-ныхан Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлд автозам, авто зогсоол болон бусад тохижилтын ажлыг 2022-2023 онд хийж дуусгахаар БНХАУ-ын “Бээжин Юни-Констракшн Групп” компанитай гэрээ байгуулсан аж.
БОАЖЯ-тай хийсэн гэрээний дагуу “Бээжин Юни-Констракшн Групп” компани 2022-2023 онд дараах ажлыг хийж дуусгана. Үүнд:
- Хатгалын төв замыг Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн авто замтай холбох хоёр км хатуу хучилттай авто зам барих
- Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 30.4 км хатуу хучилттай авто зам барих
- Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 км хатуу хучилттай авто зам барих
- Хатгал орчмын долоон байршилд авто зогсоол барих
- Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт хоёр чиглэлд явган болон морин аяллын жим тохижуулах ажлууд тус тус багтсан.
Дээрх ажлыг гүйцэтгэснээр Монгол орны цэнэг усны нөөцийн 70 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуур орчмын замын тоосжилтоос үүдэлтэй бохирдлыг бууруулах, олон салаа зам гарган хяналтгүй зорчихыг багасгах, байгаль орчныг хамгаалах давуу талтайгаас гадна дотоод, гадаадын аялагч, жуулчдын тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой гэдгийг албаныхан онцоллоо.
Дээрх авто замуудын зураг төслийг боловсруулахдаа тухайн бүс нутгийн байгаль цаг уурын онцлогт тохируулан олон жилийн мөнх цэвдгийг хөндөхгүй байх, хамгаалах зорилгоор замын нийт уртад ухмал төлөвлөөгүй. Мөн Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн авто замын төгсгөлийн 4.1 км-т мөнх цэвдгийг хамгаалах зорилгоор замын хучилтаас ирэх дулааныг доош дамжуулахгүй зориулалттай гео-нэхмэл болон гео-торлог хязгаарлагчийг ашиглахаар төлөвлөсөн гэнэ. Мөнх цэвдэгтэй бүс нутагт түгээмэл хэрэглэгддэг уг технологийг манай улсад анх удаа ашиглах гэж буй гэнэ.