Цөжилтөд хамгийн хүчтэй өртсөн газрын нэг бол Говь-Алтай аймгийн Хөхморьт сум. Тус аймгийн БОАЖГ-ынхан байгаль хамгаалах, нөхөх сэргээх арга хэмжээний зардлаар цөлжилтийн үнэлгээний иж бүрэн судалгаа хийхдээ эл сумын газар нутгийн 67.1 хувь нь их, бага хэмжээгээр, 36.7 хувь нь нэн хүчтэй доройтсон гэж дүгнэсэн. Үүнтэй холбогдуулан БОАЖЯ сүүлийн жилүүдэд орон нутгийн холбогдох байгууллагуудтай хамтран ойн зурвас байгуулах, элсний нүүдлийг сааруулах ажлыг эрчимжүүлээд буй. Харин Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан Хөхморьт сумд энэ чиглэлийн ажлыг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрсөн. Тэд хэсэг газрыг хашиж хамгаалан, элсний нүүдлийг сааруулах арга хэмжээ авсан нь цөлжилттэй тэмцэх жишиг ажил болжээ.
Энэхүү асанаачилгыг үнэлэх, олон нийтэд танилцуулах зорилготой “Цөлжилт, газрын доройтлыг бууруулах, элсний нүүдлийг сааруулах санаачилга” сэдэвт бага хурал Говь-Алтайд болов.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын менежер Д.Энхээ “Бид цөлжилттэй тэмцэх ажлыг Хөхморьт сумд 2017 оноос эхлүүлсэн. Анх 24 га талбайг хашиж, дуслын усалгааны систем суурилуулан, мал сүрэг болон хүний хөлөөс хамгаалсан. Одоо тус газар ногоон тал болсон. Экосистем нь сэргэхийн хэрээр олон төрөл зүйлийн амьтан тэнд нутаглаж байна” гэсэн бол Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны Г.Дарьжаа “Энэ газрыг анх хашаалахад найман зүйлийн байгалийн ургамал ургаж байсан бол одоо 24 болж нэмэгдсэн. Энэ нь доройтсон газар сэргэж байгаагийн илрэл юм” гэж ярилаа.