Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх багц хуулийн төслийг боловсруулах ажлыг шуурхайлахыг төсөл боловсруулах ажлын хэсэгт Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаас даалгаж, ирэх долоо хоногт танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад үүрэг болголоо. Төрийн бүтээмж, боомт, эрчим хүч, Улаанбаатар хотын авто замын түгжрэл, аж үйлдвэржилт, байгалийн нөөц гэсэн асуудал нь өнөөгийн Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлс болж байна хэмээн үзэж буй. Эдгээр хязгаарлагч хүчин зүйлсийг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд шийдвэрлэж, сүүлийн 10 жилд тасралтгүй буурсан ажиллах хүчний оролцоо болон бүтээмжийг сайжруулах цогц арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлснээр эдийн засаг сэргэж, тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг бий болгоно гэж тооцжээ. Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх багц хуулийн төслийг боловсруулах нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үндсэн арга хэрэгслийн нэг юм.