Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулав.
Сангийн сайд Б.Жавхлан хурлын дараа мэдээлэл хийлээ. Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар маш чухал шийдвэр гарлаа.
Энэ нь найман жилийн хугацаанд шийдэгдэхгүй байсан Гашуунсухайт - Ганцмод боомтын төмөр замын огтлолцлын цэгийг хүлээн зөвшөөрөх нот бичиг явуулахаар шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл, Гашуунсухайт - Ганцмод боомтын төмөр замын шийдэж чадахгүй байсан эрх зүйн хязгаарлалт байхгүй болж байна гэсэн үг.
Ингэснээр Тавантолгой-Гашуунсухайт төмөр замыг эдийн засгийн эргэлтэд оруулах томоохон боломж нээгдлээ” гэв.
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин “БНХАУ болон Монгол Улс хоёрын хооронд төмөр замын огтлолцлын цэгийг нотоор солилцуулах асуудлыг шийдвэрлэлээ.
Тодруулбал, манай талаас өнгөрсөн долоо хоногт буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр тавьсан санал буюу Ганцмод-Гашуунсухайт буюу хилийн аль цэг дээр хоёр талын огтлолцлын цэг байхыг хоёр улсын Засгийн газар нотоор солилцож, Хятадын талаас тавьсан төслийг зөвшөөрөх гарын үсэг зурах эрхийг ГХ-ны сайд Б.Батцэцэгт олгов. Ингэснээр эрх зүйн орчин бүрдэж байна.
Өөрөөр хэлбэл, хоёр улс Засгийн газрын түвшинд хаана огтлолцлын цэг байхыг тохирчихлоо. Одоо хоёр талын ААН-үүд хэрхэн зохион байгуулах тал дээр харилцан тохиролцож, ажил хэргээ явуулна гэсэн үг” гэв.