“Ковид-19” дотоодод анх тархсанаас хойш нэг жилийг үдлээ, монголчууд. Энэхүү хугацааг бид “манан дунд” өнгөрөөлөө. Төр, засаг цар тахалтай тэмцэнэ хэмээн мунгинаж, болох, болохгүй олон шийдвэрээ иргэд дээр “туршив”. Тэглээ гээд нөхцөл байдал өөрчлөгдсөнгүй, өдий хүртэл бахь байдгаараа. Цар тахалтай тэмцэх ажлыг удирдан зохион байгуулагч Улсын онцгой комисс (УОК)-ынхон ч энэ хугацаанд ажилдаа дадсангүй. Өдий хүртэл мэдэн будилж, манарсаар явна. Эцсийн дүндээ иргэд л хохирч, цар тахлын улмаас 1800 гаруй хүн эндээд байна. Хоногт 10, 10-аараа л эл өвчнөөр нас барах болсон. Гэтэл УОК, Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-ныхан “Нас баралт олон улсын дунджаас доогуур байгаа” хэмээн бараг бахархах шахам ярьж суух. Уг нь цөөхөн хүн амтай улс ийм хэмжээний хохирол амсахгүй ч байж болох.
ХЭДЭН ХҮН ӨВЧИЛСНИЙГ Ч МЭДЭХЭЭ БОЛИЛОО
Төрийн холбогдох байгууллагуудаас хийсэн гол “ажлууд”-ын нэг нь цар тахлын тоон үзүүлэлтийг будилаантуулж, өвчилсөн хүний тоог дарсан явдал байв. Эрүүл мэндийн яамны өчигдрийн мэдээллээр бол манай улсад “Ковид-19”-өөр өвчилсөн хүний тоо 367 412-т хүрчээ. Өчигдөр гэхэд л 450 хүнээс коронавирус илрүүлжээ. Энэ бол сүүлийн зургаан сард үзэгдээгүй бага тоо. Харамсалтай нь, бодит үзүүлэлт биш. Дельта хэлбэрийн халдварын улмаас үүссэн гурав дахь давлагаа өнгөрсөн сарын сүүлчээс эхлэн намжиж буй нь үнэн. Гэсэн ч ЭМЯ-наас мэдээлсэн шиг буураагүй.
Гол шалтгаан нь тус яамнаас түргэвчилсэн шинжилгээний хариуг албан ёсныход тооцохоо больсонтой холбоотой. Тодруулбал, зөвхөн PCR шинжилгээний дүнг л олон нийтэд мэдээлдэг болсон юм. Гэтэл бодит байдалд өвчилсөн иргэдийн олонх нь түргэвчилсэн шинжилгээ хийлгэж байна. Иргэдэд анхны тусламж үзүүлж буй өрхийн эрүүл мэндийн төвийнхөн ч түргэвчилсэн шинжилгээ хийсний үндсэн дээр тухайн хүн өвчилсөн, эсэхийг тодорхойлж буй. Түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан хүмүүс өрхийн эмнэлгээсээ 10 хоног уух багц эм авах эрхтэй болдог. Ингээд 10 хоног эм уусан хүмүүсийг эдгэрсэн гэх тоонд оруулж байв. Гэтэл илаарьшсан хүний тоо нь халдвар авснаасаа хамаагүй илүү гараад явчихлаа. Аргаа барсан ЭМЯ-ныхан сар орчмын өмнөөс илаарьшсан хүмүүсийн тоог нуух болов. Тухайн үед эдгэрсэн хүний тоо лав 500 000 давсан. Ингээд тооцвол халдвар авсан хүний тоо одоогийн статистикаас ихээхэн зөрөх бөгөөд 600 000-д хүрсэн гэх албан бус мэдээлэл ч бий. Гэтэл өдгөө PCR шинжилгээний хариу ч маргаантай болсон тухай яриад эхэллээ. ХӨСҮТ-ийн шинжилгээний аппаратын тохируулгыг шинэчлэх тухай Шадар сайд хөндөх болов. Үүнийг нэг жилийн дараа мэдсэн гэдэг нь дэндүү хариуцлагагүй хэрэг.
ТОО ДАРАХ ШАЛТГААН ЮУ БАЙВ
Улсын хэмжээнд өнгөрсөн есдүгээр сарын 7-нд 3963 хүн “Ковид-19”-өөр өвчилснийг баталсан юм. Энэ нь нэг хоногт бүртгэсэн хамгийн олон тохиолдол бөгөөд халдварын гурав дахь давлагааны оргил нь байлаа. Богино хугацаанд, амархан халдварладаг дельта хэлбэр өргөн хүрээнд тархсаны улмаас нөхцөл байдал ийнхүү хүндэрсэн. Улмаар хүн амд ногдох шинэ тохиолдлын тоогоороо манай улс дэлхийд толгой цохих болов. Тухайн үед түргэвчилсэн шинжилгээний хариуг албан ёсны тоон үзүүлэлтэд оруулж байсан. Тэгвэл үүнээс гурав хоногийн дараа буюу есдүгээр сарын 10-нд УОК, ЭМЯ-наас түргэвчилсэн шинжилгээний хариуг албан ёсныход тооцохоо больсноо мэдэгдлээ. Үүнээс хойш л цар тахлын тоон мэдээлэл “доголдож” эхэлсэн юм. Хэрэв тэр үед түргэвчилсэн шинжилгээний хариуг тооцсон бол хоногийн үзүүлэлт 4000-аар тогтохгүй байсан биз. Тиймээс л нөхцөл байдлыг хиймлээр намжаах, улмаар “арьсаа хамгаалах” гол арга нь албаныхны хувьд тоог дарах байсан биз ээ.
ХАЛДВАР АЛДСАН ХЭРГИЙН УЧГИЙГ ХЭЗЭЭ ТАЙЛАХ ВЭ
Гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлаж байсан “Энхсаран” сувиллаас анх дотоодын халдвар алдагдаж байв. Алтанбулагийн боом тоор орж ирсэн, улс хоорондын ачаа тээврийн автомашины жолооч тус сувилалд тусгаарлалтын 21 хоногоо өнгөрөөчихөөд гэртээ харьжээ. Гэтэл гэртээ ирснээс нь хойш дөрөв хоногийн дараа түүнээс коронавирус илэрч, улмаар гэр бүл, найз нөхөд, ойрын хүрээллийнхэн нь халдварлаж, дотоодын халдварыг тогтоон барих аргагүйд хүрсэн юм. “Тусгаарлалтаас гарсан иргэдийг хяналтын шинжилгээнд хамруулдаг. Үүний дагуу тухайн иргэнийг гэргийнх нь хамт шинжилгээнд хамруулахад “Ковид-19” илэрсэн” гэж тэр үеийн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлж байв. Гэхдээ яагаад гэртээ байсан хүнээс халдвар илрэв, тусгаарлах байр буюу “Энхсаран” сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдсан уу, тусгаарлагдсан иргэдийг хянаж байсан хүмүүс ажлаа хийгээгүй юү зэрэг олон асуулт өдгөө ч хариулт нэхсээр байна. УОК-оос үүний талаар өмнө нь тоймтой хариулт өгөөгүй бөгөөд “Тандалт, судалгааны баг нарийвчлан судалж байна” хэмээсэн. Гэтэл нэг жил өнгөрчихөөд байхад ч эл хэргийн учиг тайлагдсангүй. Хууль хяналтын байгууллагынхан шалгасаар буй ч гол учрыг нь олж чадаагүй, хэзээ олох нь ч тодорхойгүй хэвээр аж.
“БҮХ ЗҮЙЛД ИРГЭД БУРУУТАЙ”
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд халдвар тархахад, өргөн хүрээг хамрахад УОК, ЭМЯ-наас иргэдийг л буруутгаж ирсэн. “Иргэд айл хэсэж, гадуур тэнэснээс халдвар тархлаа”, “Иргэд вакцин хийлгээгүй учраас халдварын тархалт буурахгүй байна” гэх мэтээр буруутгасаар, гоморхсоор ирсэн. Коронавирус дотоодод тархсанаас хойш дөрвөн удаа хөл хорио тогтоож, нийт хугацааг нь тооцоход гурван сарын турш иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарласан байдаг. Харамсалтай нь, тэглээ гээд халдварын тархалт хумигдсангүй, харин ч иргэдийн амьжиргааны түвшин улам доройтож, аж ахуйн нэгжүүд орлогоо алдаж, цөөнгүй нь хаалгаа барихад хүрсэн. Хязгаарлалтын дэглэмийг саяхныг хүртэл төдийлөн сулруулаагүй бөгөөд урлаг, соёлын байгууллагууд л гэхэд дөнгөж энэ сарын 1-нээс л үүдээ нээж эхэллээ.
Тоймлон хэлэхэд, иргэд халдвар хамгааллын дэглэмээ чанд баримталж ирсэн. Харин дарга нар гаргасан дүрэм, журмаа өөрсдөө зөрчиж, олон нийтийг хамруулсан арга хэмжээг хавтгайруулан зохион байгуулсан тохиолдол хэд хэд гарав. Жишээ нь, өнгөрсөн зургадугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг дурдаж болно. Энэ нь халдварын хоёр дахь давлагаа үүсэн, коронавирус нийслэлээс “хальж”, орон нутгийг “нөмрөх” гол шалтгаан болсон билээ. Түүнчлэн иргэдийн эсэргүүцлийн үр дүнд Үндэсний их баяр наадмыг арайхийн хориглосон. Тэгсэн атал аймгуудад наадам зохион байгуулсан нь халдварын гурав дахь давлагаа үүсэх урьдач нөхцөл болсон. Улмаар гурав дахь давлагааны оргил үеэр Үндэсний соёл, амралтын хүрээлэнд “Цахим үндэстэн” арга хэмжээ зохион байгуулж, хэдэн зуун иргэнийг нэг доор цуглуулсан юм. Гэхдээ үүний төлөө хэн ч хариуцлага хүлээгээгүй. Шударга бус энэ мэт асуудлуудын нөлөөгөөр “double standard” гэдэг үг олон нийтэд ихээхэн танил боллоо. Дарга давуу эрхтэй, иргэд харин эрхгүй шахам байдаг, шударга бус эл байдлыг эсэргүүцсэн иргэдийн төлөөлөл төв талбайд суулт зохион байгуулсан бөгөөд зарим нь өдгөө түр саатуулагдан, хоригдож байна.
10 САРЫН “БЭЛТГЭЛ” ҮР ДҮНГЭЭ ӨГСӨНГҮЙ
“Ковид-19” дотоодод тархахаас 10 сарын өмнө манай улс сургууль, цэцэрлэг, хилийн боомтуудаа хаасан. Энэхүү 10 сарын хугацаанд цар тахалтай тэмцэхэд бэлтгэж байна хэмээн холбогдох байгууллагынхан иргэдийн тархийг хангалттай “угаасан”. Иргэд ч хүлцэн тэвчиж, хүүхдүүдийнхээ боловсролыг ч гаргуунд гаргаж байв. Харамсалтай нь, албаныхан ямар ч бэлтгэлгүй байсныг сүүлийн нэг жилийн хугацаанд болсон үйл явдлууд гэрчилнэ. Анх өвчилсөн хүн бүрийг толгой дараалан эмнэлэгт хэвтүүлж, ойрын хавьтал болсон хүмүүсийг орцных нь бусад айлуудтай хамт долоо хоногоор хорьж байлаа. Гэтэл халдвар өргөн хүрээнд тархаад эхлэнгүүт өвчилсөн хүмүүсийг ч хайхрахаа больж, зарим нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч чадалгүй гэртээ нас барсан. 50 гаруй хүн ийм шалтгааны улмаас гэртээ нас барсан аж. Үндсэндээ манай улс ямар бэлтгэл хийсэн нь тодорхойгүй бөгөөд халдвар өргөн хүрээнд тархаад эхлэнгүүт ор байхгүй, эмнэлэг ч олдохгүй болсон. Улмаар иргэд уух эм ч үгүй, амьсгалын болон хүчилтөрөгчийн аппарат ч бараг байхгүй болж таарсан. Тэгээд энд тэндхийн хандив, тусламжаар эмнэлгүүдийн тоног төхөөрөмж бага багаар нэмэгдсэн. Тэгсэн хэрнээ л өдгөө ачааллаа дийлэхгүй байна.
Эл нөхцөл байдал өдгөө ч төдийлөн сайжраагүй бөгөөд “Ковид-19”-өөр өвчилсөн хүмүүс сайн дураараа түргэвчилсэн шинжилгээ өгч, коронавирусийн эсрэг гэх нэртэй багц эмийг өрхийн эмнэлгээсээ нэхэх шахам л авч байна. Бас халдвар аваад эдгэрсэн иргэдэд нөхөн сэргээх эмчилгээ заавал хэрэгтэй, дараа нь олон асуудал тулгарч болно гэж дэлхий дахин “хэлээд” байхад л манайхан таг чиг. Өвдөөд эдгэрсэн хүмүүст голчлон ямар шинж тэмдэг илэрч, түүнд нь сэргээн засах ямар эмчилгээ шаардлагатай талаар судалсан нь үгүй. ЭМЯ сэргээн засах эмчилгээний заавар гаргана гээд аль наймдугаар сараас л ярьсан. Гэсэн ч өдий хүртэл сураггүй. Яг хэдэн хүн өвчилж, нас барсны дараа уг заавраа гаргах гээд байгаа хэрэг вэ.
Бэлтгэсэн М.Оч