Засгийн газрын шийдвэрээр соёл урлаг, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэй нээсэнтэй холбогдуулан Соёлын яам арваннэгдүгээр сарыг “Соёлын бүтээлч сар” хэмээн зарлаж, сарын турш 150 гаруй арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж, иргэдэд соёлын үйлчилгээ үзүүлж эхэлсэн билээ.
Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс соёл, урлаг, спортын арга хэмжээнд хамрагдах иргэдийг вакцины III тундаа хамрагдахыг уриалж байгаа бөгөөд Соёлын яам үзвэр үйлчилгээний үеэр заалны дүүргэлтийг 50 хувиас хэтрүүлэхгүй байж, соёлын үйлчилгээнд хамрагдах иргэдээс түргэвчилсэн тест авах зэргээр халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж байна.
Мөн өнөөдрөөс эхлэн Соёлын яам, харьяа байгууллагын III тундаа хамрагдаж амжаагүй байсан соёлын ажилтнууд Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран вакцины нэмэлт тундаа хамрагдаж эхэллээ.
Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины III тунд 400 орчим мянган хүн хамрагдсан бөгөөд зорилтот бүлгийн иргэдийн нэмэлт тунд хамрагдсан байдал 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулах нь зүйтэй гэж Засгийн газраас үзэж байгаа юм.