Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 1921 онд Гяндан хороо нэртэйгээр байгуулагдсан төрийн цэргийн ууган байгууллагуудын нэг. Тэгвэл өнөөдөр орчин цагийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн баяр тохиож байна. Баярын хуралд УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар оролцлоо. Тэрбээр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг гардуулан өгч, УИХ-ын түвшинд баримталж байгаа бодлогоо танилцууллаа. Улмаар Монгол улсын шинэ үндсэн хуулийн зарчим, Монгол улсын дунд болон урт хугацааны хөгжлийн баримт бичгүүд, эрх зүйн шинэтгэл -2 хөтөлбөрийн хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн хууль тогтоомжийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, алба хаагчдыг төрийн албаны шинэ стандарт, хүний эрхийг хангах эрх зүй, шаардлагад нийцүүлэн мэргэшүүлэх, давтан сургах шаардлагатай байгааг ч дурджээ.