Дорнод аймгийн Матад сумын нутаг дахь “Петрочайна дачин Тамсаг” компанийн газрын тосны XIX талбайг аалзны тор шиг хэрсэн, хамгаалалтын тоноглолгүй, 10 болон 15 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам нүүдлийн шувуудад аюул учруулж буйг судлаач, мэргэжилтнүүд сүүлийн жилүүдэд хөндсөөр ирсэн. Гэвч холбогдох байгууллагынхан тэр бүрт “хөдөлдөггүй”, асуудалд соргогоор ханддаггүй байв. Харин өнгөрсөн есдүгээр сард БОАЖЯ-ны удирдлагууд байгаль орчны салбарын судлаач, мэргэжилтнүүдийн саналыг харгалзан үзэж дээрх компанийн дэд ерөнхийлөгчид албан тоот хүргүүлсэн юм. Хамгаалалтын тоноглолгүй өндөр хүчдэлийн шугам бүхий хэсэгт Монгол орны ховор шувуу олноор үрэгдэж (цахилгаанд цохиулан) байгаа тул үүссэн зөрчлийг даруй арилгаж, цахилгаан дамжуулагчийг аюулгүй болгохыг тус албан бичгээр дамжуулан шаардсан байдаг. Хэрэгжүүлээгүй тохиолдолд дараагийн шатны арга хэмжээ авахаа ч мэдэгдсэн.
Энэ шийдвэрийг байгаль орчны салбарынхан, тэр дундаа шувуу судлаач, ажиглагчид алга ташин хүлээн авсан юм. “Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас албан ёсны бичиг илгээж, шаардлага тавьсан учир нааштайгаар шийдэгдэх нь гарцаагүй. Олон жил сэтгэл зовоосон асуудал нэг тийш болох нь” гэж байв. “Өнөөдөр” сонин ч энэ тухай мэдээлсэн. Гэтэл үүнээс хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрөхөд “Петрочайна дачин Тамсаг”-ийнхан энэ тухай ганц үг ганхийсэнгүй. Харин ч нэмж олон зөрчил гаргаж, байгаль орчинд учруулсан хохирлынх нь хэмжээ “тэнгэрт тулжээ”. Иймд Дорнод аймгийн удирдлага тус компанийн ерөнхийлөгч Жан Хуфуг байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, цагдаа, про курорын байгууллагад хандаад буй юм.
Эргэн сануулахад, орон нутгийн шийдвэрээр “Петрочайна дачин Тамсаг”-ийн газрын тос тээвэрлэлтийг 2017 онд зогсоосон. Гэвч удалгүй АМГТГ болон компанийн төлөөлөл, аймгийн Засаг дарга гурван талт хэлэлцээрийн ширээнд сууснаар дахин үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Гэвч үүний үр дүн гарсангүй. Тэд алдаагаа засаж залруулсангүй. Цахилгаан дамжуулах агаарын шугамын асуудал төдийгүй хууль зөрчсөн бусад үйлдлийнх нь талаар орон нутгийн холбогдох хүмүүс мэдээлж, шаардлага тавьж, эрх бүхий байгууллагаас албан бичиг хүргүүлсэн ч эс тоох, үл хайхрах хандлага гар гасаар өнөөдрийг хүрэв.
Орон нутгийн холбогдох байгууллагынхны мэдээлснээр Дорнод аймгийн Матад, Халхгол сумд газрын тос олборлодог тус компани байгаль орчны менежментийн төлөвлөгөө, ус ашиглуулах гэрээ болон эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлгүй хоёр сая орчим шоо метр ус хэрэглэжээ. Тодруулбал, газрын тосны “Тосон уул-XIX” талбайд 1.2 сая, “Тамсаг-XXI”-т 797 мянган шоо метр ус ашигласан байна. Түүнчлэн холбогдох гэрээ, баримтад тусгасан “байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах нөхөн сэргээлтийн арга хэмжээ”-г хэрэгжүүлээгүй, тээвэрлэлтийн үйл ажиллагааг ердийн замаар хийжээ. Үүний нөлөөгөөр тухайн бүс нутагт олон салаа зам гарч, хөрсний эвдрэл, доройтол гаарсан аж. Мэргэжилтнүүд “80 гаруй метр өргөн, 58.5 км урт, 4.6 сая ам метр талбай бүхий 8-20 салаа зам үүссэн” гэсэн нарийн тооцоо гаргав. Ганцхан компанийн тээвэрлэлтийн нөлөөгөөр ийм хэмжээний газар эвдэрч, ногоон тал шороот хөндий болон хувирсан гэсэн үг. Нүдэнд харагдаж буй бодит уршиг нь хөрсний элэгдэл, усны замбараагүй хэрэглээ, шувуудын хорогдол болохоос биш үүний цаана өөр олон асуудал бий. Үржил шимгүй болсон газраас дайжсан ан амьтад, газрын хөрснөөс бүрмөсөн арчигдсан ургамал, тээвэрлэлтийн нөлөөгөөр бохирдсон агаар мандал гээд ил, далд нөлөөллийг нь бүрэн тооцоолбол “Петрочайна дачин Тамсаг” компани Монгол орны экосистемийг бүх талаар нь сүйдэлжээ. Харамсалтай нь, бид газрын тос тээвэрлэсэн машины цувааны уртыг гайхаж, “хайран баялаг гадагшаа урсах нь” хэмээн гасалдаг мөртлөө олборлолтын нөлөөгөөр байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг бодитоор үнэлж, тооцоолж чадалгүй өнөөдөртэй золгов.
Монгол орны зүүн бүсэд “төвхнөсөн” эл компанитай холбоотой асуудал дэгдсэн нь ганц энэ удаа биш. Харин орон нутгийн эрх бүхий байгууллагууд чанга дуугарч, судлаач, мэргэжилтнүүд хүч нэмж, аймгийн Засаг дарга нь Засгийн газар, хууль, хяналтын байгууллагаас “тусламж хүссэн” анхны тохиолдол нь энэ удаагийнх байлаа. Орон нутгийн удирдлага БОАЖЯ, УУХҮЯ, АМГТГ, МХЕГ гээд хандвал зохих бүх шатны байгууллагад “Петрочайна дачин Тамсаг”-ийн хууль бус үйлдэл, хариуцлагагүй байдлын тухай мэдээлэл бүхий албан бичиг хүргүүлсэн. Гэвч тэдгээрийн нэг нь ч дуугарсангүй, хариу өгсөнгүй. БОАЖЯ-ныхан өнгөрсөн есдүгээр сард тус компанийн дэд ерөнхийлөгчид нэг “цаас” илгээснийг эс тооцвол Монголын төр, Засгийн газар энэ асуудалд нүд, чихгүй юм шиг хайнга, сэтгэлгүй хандсаар өнөөдрийг хүрэв. Харин судлаач, мэргэжилтнүүд нааштай шийдвэр гарна хэмээн горьдлого тээн хүлээсээр байна.
Дорнод аймгийн БОАЖГ-ын нэгэн мэргэжилтэн “Тус компанийн хууль бус үйлдэл сүүлийн жилүүдэд хэтэрсэн. Хяналт суларч, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа саатсан цар тахлын нөхцөл байдлыг далимдуулж, олон удаазөрчил гаргасан. Үйл ажиллагааг нь хязгаарлах, зогсоох зэрэг нь орон нутгийн эрх мэдлээс давсан асуудал учраас дээд шатны байгууллагуудын шийдвэрийг хүлээх л үлдлээ. “Петрочайна дачин Тамсаг”-тай холбоотой гомдол өнгөрсөн хугацаанд цөөнгүй ирсэн. Тэр бүрт зөрчлөө арилгах, хууль ёсны дагуу ажиллах сануулга өгсөөр байна. Энэ удаа ямар нэг шийдэлд хүрэх хэрэгтэй” гэсэн юм. Харин тус компанийн газрын тосны XIX талбайн асуудлаар уйгагүй дуугарсаар ирсэн, Монголын шувуу хамгаалах төвийн судлаач П.Ганхуяг “Нэгэнт цагдаа, шүүхийн байгууллагад хандсан бол энэ асуудлыг цогцоор нь нэгмөсөн шийдэх хэрэгтэй. Шувууд хавар, намрын нүүдлийн үеэр тус компанийн цахилгаан шугамд цохиулж, хэдэн мянгаараа энддэг болоод удлаа” хэмээв.
Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, ус ашиглуулах гэрээ гэдэг бол уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгчдийн хувьд хамгийн чухал зүйл. Эдгээрийг ямар нэг байдлаар зөрчих нь л тухайн аж ахуйн нэгжид хариуцлага тооцох хангалттай шалтгаан. Харин манай улс зөрчил үйлдэгчдийн толгойг илсээр уул уурхайн хууль бус ажиллагааг ердийн үзэгдэл болгосныг “Петрочайна дачин Тамсаг”-ийн жишээ тод харуулж байна.