ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Булганыг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцлаа. ШУА-ийн хувьд одоогоор тус улсын ШУА-тай хамтын ажиллагаа эхлүүлээгүй байгаа бөгөөд Элчин сайд Э.Булган Египет, Монголын ШУА-ийн хооронд хамтын ажиллагаа эхлүүлэх төлөвлөгөөтэй явж байгаа гэдгээ илэрхийллээ.
ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “Шинжлэх ухаан, соёл, түүх, аялал жуулчлалын чиглэлээр аль ч улстай хамтран ажиллах боломжтой байдаг учраас энэ чиглэлд илүү анхаарч ажиллах нь зүйтэй” хэмээн Элчин сайдад захилаа.
Монгол Улс БНЕУ-тай 1963 онд дипломат харилцаа тогтоож байжээ. 1967 онд Египетийн тухайн үеийн Дэд ерөнхийлөгч бөгөөд парламентын дарга, хожим нь тус улсын Ерөнхийлөгч болсон Анвар Садат манай улсад айлчилж байв. Египетийн талаас төдийгүй Арабын орнуудаас Монголд айлчилсан хамгийн анхны дээд хэмжээний төлөөлөгч нь Анвар Садат юм байна. Дипломат харилцаанд хоёр орны хооронд улс төрийн харилцаа давамгайлж ирсэн бөгөөд Монголоос хамгийн өндөр дээд хэмжээний айлчлал нь 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Египет улсад айлчилж байжээ.