…Зөвлөлт Орос улстай найрамдлын гэрээгээр холбогдох санааг Монголын Засгийн газар анх гаргасан бөгөөд энэ үйл хэрэг Оросын Гадаад хэргийн Ардын комиссариатын Сибирь, Монголыг хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч Б.З.Шумяцкийн уйгагүй ажиллагааны дүнд бүтсэн түүхтэй. Шумяцкийн санааг эцсийн эцэст Кремлийн удирдагчид зөвшөөрсөн нь өргөн уудам нутагтай Гадаад Монголыг геополитикийн үүднээс тухайн үедээ төдийгүй алс хэтдээ ч ЗХУ-д ач холбогдолтой гэж ухаарсных гэж орос эрдэмтэн С.Г.Люзанин үзсэн байдаг.
…СССР-ийн зүгээс Монголын тусгаар тогтнолыг үгүйсгэсэн анхны үйлдэл 1924 оны тавдугаар сарын 31-нд Дундад иргэн улстай байгуулсан “ЗСБНХУ, БНХУ-ын харилцааны асуудлыг зохицуулах ерөнхий зарчмын тухай хэлэлцээр” юм. Энэ баримт бичигт “ЗСБНХУ-ын Засгийн газар Гадаад Монголыг БНХУ-ын бүрэлдэхүүн хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч буй бөгөөд энэ мужид Хятад улс эзэн эрхээ эдлэхийг хүлцэн дагах үүрэг авч байна” гэж заажээ. Тэр үед В.М.Молотов Бүх Оросын КН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч байсан учраас түүнийг энэ үйл хэрэгт оролцсон гэж үзэх үндэстэй.
Гэтэл нөгөө Молотовыг 1957 онд Монголд Элчин сайдаар ирэхэд нь дипломат ёс журмын тогтсон дэг жаягийг зөрчин Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга, МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, Гадаад хэргийн орлогч сайд нар угтаж, гурван жилийн дараа бүрмөсөн буцахад нь Ю.Цэдэнбал өөрийн биеэр үдэж мордуулсан байх юм.
Ийм өгүүлбэрүүд “Алтан аргамж” цувралын 12 дахь дэвтэрт бий. Уг дэвтрийг хоёр улсын харилцааны тулгын чулуу болох, 1921 оны арваннэгдүгээр сарын 5-нд гарын үсэг зурсан Монгол, Зөвлөлтийн найрамдлын гэрээний 100 жилийн ойд бүхэлд нь зориулсан байна. Уг номд өнгөрсөн 100 жилд тус хоёр улсын харилцаа хэрхэн хөгжсөн, бүхий л салбарыг хамран бидний хамтын ажиллагаа энэ хугацаанд ямар амжилтад хүрсэн, энэ замд ямар саад бэрхшээл тулгарч, түүнийг хэрхэн даван туулж ирснийг нотлон өгүүлжээ. Номд орсон материалуудыг бичсэн хүмүүсийн дотор Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн, Орост Элчин сайдаар сууж байсан Н.Мишигдорж, Ц.Цолмон, ахмад дипломатч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хэргэмт О.Очиржав, П.Үржинлхүндэв, О.Нямдаваа нарын уг асуудлыг сайн мэдэх мэргэжилтнүүд, судалж шинжилсэн хүмүүс орсон нь уг бүтээл хийгээд түүнд өгүүлсэн зүйлсийн үнэ цэнийг харуулна.
Мөн ЗХУ болон түүний залгамжлагч ОХУ-д томилолтоор урт, богино хугацаагаар ажиллаж амьдарч байсан хэвлэл, мэдээллийн салбарын ажилтнуудын дурсамж ч номд орсон байна.
Бэлтгэсэн Р.Жаргалант