ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук манай улсад айлчлав. Айлчлалынхаа хүрээнд тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхлаа. Талууд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож буй арваннэгдүгээр сарын 5-ныг угтан олон жил шийдлээ хүлээж буй өр зээл, үл хөдлөх хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ зууныг эхлүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.
Мөн дээд, өндөр түвшний харилцан айлчлал, цахим уулзалт зохион байгуулах талаар санал солилцож, эдгээр арга хэмжээний үеэр хэрэгжүүлж болох зарим томоохон төсөл, хөтөлбөрийн талаар ярилцах боломжтойг онцолсон юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук нар манай хоёр улс төдийгүй Монгол-Евразийн эдийн засгийн холбооны хооронд бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх ихээхэн нөөц, бололцоо байгааг тэмдэглэж, цахим засаглал, хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулах, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх, хил, гаалийн хяналтыг хөнгөвчлөх, стандартыг уялдуулах чиглэлд хамтын ажиллагааг чиглүүлэх нь зүйтэй гэж үзэв. Мөн Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажил амжилттай үргэлжилж буйг сайшааж, дүнг нь ойрын хугацаанд гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Бэлтгэсэн Б.Уран