Коронавирусээр халдварласан иргэд эдгэрсэн ч сэргээн засах эмчилгээ заавал хийлгэснээр хожим илрэх урхаг, хүндрэлээс сэргийлэх боломжтой гэж олон улсад үзэж байгаа. Манай улсын тухайд сэргээн засах эмчилгээг хэрхэн хийх талаар нэгдсэн заавар, зөвлөгөө одоогоор байхгүй бөгөөд иргэд сайн дураараа эм, тариа, дусал хэрэглэхээс хэтрэхгүй байгаа юм. Тэгвэл коронавирусийн дараах сэргээн засах эмчилгээг эмчийн зааврын дагуу хийлгэхийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Д.Цэнджав зөвлөв. “Ковид-19”-өөр өвчилсөн иргэдийн биеийн байдлыг харгалзан сэргээн засах эмчилгээг хоёр янзаар эрэмбэлж байгаа аж. Тодруулбал, хүнд болон хөнгөн өвчилсөн иргэдийг өөр өөр төрлийн эмчилгээнд хамруулах шаардлагатай гэнэ.
“Хүнд өвдсөн, амьсгалын аппаратад орсон хүмүүс Эрчимт эмчилгээний тасгаас гараад мэргэжлийн эмчийн хяналтад эмнэлэгт хэвтэн, сэргээн засах эмчилгээ хийлгэх ёстой. Ингэхдээ ачааллыг тохируулж, дасгал хөдөлгөөнийг зөв зохистой хийлгэх нь зүйтэй. Хөнгөн болон хүндэвтэр өвдсөн, гэрээр эмчлүүлсэн, уушгины хатгалгаатай болоогүй иргэд заавал эмнэлэгт хэвтэн, сэргээн засах эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Харин гэр бүл, хамт олонд түшиглэсэн сэргээн засах эмчилгээ хийлгэж болно. Иргэд ямар нэгэн сүлжээний эм, бэлдмэлүүдийг ихээр хэрэглэж байгаа. Мөн бие биедээ баталгаагүй зөвлөгөө өгөхөөс гадна дасгал хөдөлгөөн хэтрүүлэн хийх тохиолдол элбэг байна. Хөнгөн өвчилсөн залуус дасгал хөдөлгөөн эрчимтэй хийснээс болж сэргэх гэж байсан дархлаагаа бууруулж байна. Тиймээс мэргэжлийн эмчийн заавар, зөвлөгөөг дагаж, зөв зохистой эмчилгээ хийлгэхийг анхааруулъя” гэж Д.Цэнджав зөвлөлөө.
Бэлтгэсэн Ч.Зул