Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) "дархлаа муутай эсвэл дархлаа нь суларсан” хүмүүст COVID-19-ийн эсрэг вакцины нэмэлт тунг хэрэглэхийг санал болгов. Энэ тухай даваа гарагт тухай тус байгууллагын Дархлаажуулалтын талаарх шинжээчдийн стратегийн зөвлөх бүлгийн (SAGE) дүгнэлтэд дурджээ.
"SAGE-ийн зөвлөмжийн дагуу дархлаа дунд зэрэг эсвэл маш их суларсан хүмүүст яаралтай тусламжийн жагсаалтад орсон Covid-19-ийн аливаа вакцины нэмэлт тунг санал болгох ёстой" гэж ДЭМБ тэмдэглэсэн байна. Үүнд “анхны стандарт цуврал вакциныг хийлгэсэн ч COVID-19-ийн хүнд хэлбэрээр өвдөх эрсдэл өндөртэй" хүмүүс орох аж.
Мөн Хятадын “Sinopharm”, “Sinovac” компанийн вакцинд хамрагдсан 60-аас дээш насны иргэдийг нэмэлт тунд хамруулахыг тус байгууллага зөвлөжээ. Ингэхдээ Латин Америкт хийсэн судалгаагаар эдгээр вакцины үр дүн цаг хугацааны явцад суларч буйг тогтоосныг эш татсан байна.
Харин нийт хүн амд вакцины нэмэлт тунг тарихтай холбоотой зөвлөмж гаргаагүй бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын 11-нд болох хурлаар нэмэлт тунгийн хэрэглээг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэхээр товложээ.