"Ковид-19" халдварын дельта хувилбарын давлагаа оргил үедээ хүрснийг ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан хэллээ. Тэрбээр цааш нь "Шинэ тохиолдлын тоо, эерэг эзлэх хувь, нас баралтын тоо гээд хэд хэдэн үзүүлэлтээр тархалтын түвшинг үнэлдэг. Ингэхэд тархалтын тоо цаашид буурах хандлага ажиглагдаж байна.
Вакцины хоёр тунд хамрагдсан 2.1 сая хүний 5 хувь нь буюу 100 мянга гаруй хүн халдвар авсан. Харин гурван тунд хамрагдсан иргэдийн 1 хувь нь халдвар авч байна. Энэ 1 хувь дотроо 0.5 хувь нь вакцин хийлгэснээс хойш 14 хоногийн дотор өвчилсөн. Энэ хүмүүс вакцины хамгаалах нөлөөнд орж амжаагүй гэсэн үг. Тэгэхээр III тунд хамрагдсан хүмүүсийн 99.5 хувь хамгаалагдаж байна.
Түүнчлэн дельта хувилбар шинэ. Одоо оргил үедээ явж байгаа халдварын давлагааны 90-ээс дээш хувийг дельтагийн халдвар эзэлж буй. Альфагаар өвдсөн хүмүүс дельтагаар өвдөх боломжтой. Дахин халдвар авсан 16 мянган хүн бий" гэж ярилаа.