Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд 750 оюутан коронавирусийн халдвар авчээ. Тэднээс тавынх нь биеийн байдал хүндэрч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэнэ. Мөн оюутны байранд халдвар дэгдэх эрсдэл өндөр байгаа аж. Одоогоор МУИС-ийн IV, “Оюутны өргөө-2” дотуур байрны хоёр давхрыг тусгаарлан эмчлэх байр болгожээ. “Дотуур байрнуудад орон нутгаас 10 000 орчим оюутан ирсэн. Боловсрол, шинжлэх ухааны яам, нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб хамтран төрийн 13 их, дээд сургуулийн дотуур байранд хяналт шалгалт хийж, халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгсөн. Хамгийн гол нь их, дээд сургуулиуд оюутнуудаа эрүүл мэндийн даатгалд хамруулах хэрэгтэй” гэж нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд хэлсэн юм.
Түүнчлэн өнгөрсөн баасан гаргийн байдлаар нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын хоёр сургууль, долоон цэцэрлэг зайны сургалтад шилжээд байв. Өөрөөр хэлбэл, цар тахлын улмаас тэдгээр сургууль, цэцэрлэг танхимын сургалтаа бүрэн зогсоосон гэсэн үг юм. Эрүүл мэндийн болон Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалын дагуу цэцэрлэг, бага сургуулийн нэг ангийн нэг хүүхдээс халдвар илэрсэн тохиолдолд танхимын сургалтыг зогсоож байгаа аж. Харин 12-оос дээш насныхан коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан тул нэг ангиас гурваас олон хүүхдээс “Ковид-19” илэрсэн тохиолдолд зайны сургалтад шилжүүлж байгаа гэнэ. Түүнчлэн хоорондоо хамааралгүй гурван бүлгийн суралцагчид халдвар авсан нь нотлогдсон тохиолдолд сургууль, цэцэрлэгийн байрыг бүрэн хааж, бүх хүүхдийг цахим сургалтад шилжүүлэх зохицуулалт хийх болжээ. Зайны сургалтад шилжсэнээс хойших долоо хоногийн дотор дахин халдвар илрэхгүй бол танхимын сургалтыг эхлүүлж буй юм байна.
Бэлтгэсэн М.Оч