Ойг нөхөн сэргээх ажлын үр дүнг сайжруулах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг дэмжих зорилгоор “Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний зардлын норматив”-ыг шинэчилжээ. Тодруулбал, БОАЖ-ын болон Сангийн сайд салбарын мэргэжилтэн, судлаачдын саналыг харгалзсаны үндсэн дээр ийнхүү хамтарсан тушаал гаргаж, ойжуулалтад зарцуулах зардлыг нэмжээ. Нэг га доройтсон ойг шилмүүст модоор нөхөн сэргээх, ойжуулах төсвийг 10-20 хувиар нэмэгдүүлж, 650 000-1 000 000 төгрөг (тарьц, суулгац, бортоготой, эсэхээс хамаараад өөр өөр) болгожээ. Харин хээрийн бүсэд ойг шилмүүст болон навчит модоор нөхөн сэргээх зардлыг 2.3-8.9 сая төгрөгөөр баталсан байна. Говийн бүсэд нэг га заган ойг нөхөн сэргээх үнийг 3.1-13.2 сая төгрөг болгон шинэчилжээ. Манай улс 2025 он гэхэд ойгоор хучигдсан талбайн хэмжээг 10 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн. Үүнийг биелүүлэхэд эл шийдвэр чухал хөшүүрэг болохын зэрэгцээ ойн салбарынхны амьжиргааны баталгаат эх үүсвэр боллоо хэмээн мэргэжилтнүүд ам сайтай байна.