Анагаах ухааны “The Lancet” сэтгүүлд “бүүстер” буюу гурав дахь тун ашиггүй гэсэн нийтлэл хэвлэгджээ. Энэ тухай хэсэг эрдэмтдийн тэр дундаа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, АНУ -ын Хүнс, Эмийн хяналтыг удирдах газрын төлөөлөгчдийн өгсөн зөвлөмжид дурдсаныг “The New York Times” иш татжээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар одоо байгаа вакцинууд нэлээд үр дүнтэй байдаг тул дахин вакцин хийх шаардлагагүй байгаа аж. Нөгөөтээгүүр вакцины тунг хэтрүүлэн хэрэглэх эсвэл цаг нь болоогүй байхад дахин хийлгэх нь ашиггүй, тэр байтугай эрүүл мэндэд аюултай байж болох аж. Тухайлбал миокардит буюу зүрхний булчингийн үрэвсэл, Гилейн-Баррегийн хам шинж (мэдрэлийн миелин хялгасан утасны бүрхүүлийг гэмтээж, хөдлөх мэдрэх чадварыг алдагдуулдаг) өвчинд хүргэж болзошгүй юм.
Гэхдээ дархлааны систем хэт суларсан зарим хүмүүст нэмэлт вакцинжуулалт хийх нь ашигтай гэж эрдэмтэд онцолжээ. Ингэхдээ эмч нар вакцины нэмэлт тунг санал болгохын өмнө зохих шинжилгээг хийх ёстой аж.