Ковид-19”-ийн эсрэг эмчилгээнд хамгийн өргөн хэрэглэж байсан эмүүдийн нэг арбидолыг эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг тул хэрэглэхийг хориглосон гэх мэдээлэл сүүлийн үед олон нийтийн дунд гарсан. ЭМЯ-наас энэ талаар тодруулахад “Уг эмийг хэрэглэхийг хориглоогүй. Харин халдвар авсан иргэд арбидолыг дур мэдэн авч уух бус, заавал эмчийн заавраар хэрэглэхийг зөвлөж байгаа” гэсэн юм. Олон улсад коронавирусийн эсрэг эмчилгээний зааврыг тогтмол шинэчилж буй аж. Эл жишгийн дагуу манай улс энэ сарын 6-нд “Ковид-19”-ийн эмчилгээний заавраа шинэчилсэн байна. Ийнхүү шинэчлэхдээ арбидолыг коронавирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэнэ гэсэн ангиллаас хассан гэнэ. Өөрөөр хэлбэл, халдвар авсан хүмүүс эл эмийг заавал уух шаардлагагүй болжээ. ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох “Арбидолыг хориглоогүй. Эл эмийг манайд вирусийн эсрэг эмчилгээ, томуу, томуу төст өвчний үед өмнө нь хэрэглэж байсан. Цаашид ч хэрэглэнэ. Хамгийн гол нь коронавирусийн эсрэг эмчилгээнд дур мэдэн ашиглахыг хязгаарлаж байгаа юм. Арбидол бол коронавирусийн халдварыг эмчлэхээр зориулж гаргасан эм биш. Тиймээс иргэд дураараа авч, ууж болохгүй. Зарим төрлийн эм аль нэг эрхтнийг өвөрмөцөөр гэмтээх тохиолдол бий. Арбидолын хувьд тун хэмжээг нь тааруулахгүй бол элэг хордуулах эрсдэлтэй. Тийм учраас заавал эмчийн заавраар уухыг анхааруулъя” гэлээ.
Бэлтгэсэн М.Оч