АНУ-д таваас арван хоёр хүртэлх насны хүүхдүүдийг COVID-19-ийн эсрэг вакцинд хамруулахаар болжээ. Энэ тухай “Reuters” агентлаг мэдээлэв.
Дархлаажуулалтыг “Pfizer”вакцинаар явуулах бөгөөд ойрын саруудад эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ сарын сүүлээр хүүхдийн вакцины эмнэл зүйн туршилтыг хийж дуусгаж байгаагаа “Pfizer” компани мэдэгджээ.
“Ирэх саруудад таваас дээш насны хүүхдүүдийн вакцинжуулалт эхлэх төлөвтэй байгаа. “Pfizer” компани энэ насныханд зориулсан вакциныхаа эмнэл зүйн туршилтыг есдүгээр сард дуусгахаар ажиллаж байна” гэж АНУ-ын Хүнс,эмийн хяналтын удирдах газрын (FDA) Биологийн үнэлгээ судалгааны төвийн захирал Питер Маркс тус агентлагт ярьжээ.
Мөн вакцины хөгжүүлэгчид бэлдмэлийг хамгийн бага насны буюу 6 сараас дээш нярайд туршиж үзэж байгааг тэрбээр онцолсон байна.
Гарсан үр дүнг FDA нягтлан шинжлэх бөгөөд үүнд хэдэн долоо хоног шаардагдах аж. Марксын хэлснээр энэ нь АНУ -д 5-12 насны хүүхдүүдийг вакцинжуулах ажлыг ирэх аравдугаар сарын сүүлээр баталж болно гэсэн үг юм.