Дэлхийн банкны санхүүжилтээр “Монгол Улсын COVID-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн хүрээнд улсын эмнэлгүүдэд 1.27 сая ам долларын /3.2 тэрбум/ тоног төхөөрөмж хүлээлгэн өгчээ. Тодруулбал, 21 аймаг, есөн дүүргийн эмнэлэг болон Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол-Японы сургалтын эмнэлэг, Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II эмнэлэгт тариурын шахуурга, дуслын шахуурга, хяналтын монитор, дефибрилятор, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, зөөврийн өнгөт ЭХО аппарат, дагалдах хэрэгслийн хамт, гематологийн бүрэн автомат анализаторыг хүлээлгэн өгсөн байна.
Ташрамд дурдахад, төслийн хүрээнд дэлхийн банкны 50.7 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг ХӨСҮТ-ийн Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулахын барилга, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, шинэ технологийн хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулж байгааг албаныхан мэдээллээ.