Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3680 хүнээс коронавирусийн халдвар авчээ. Шинээр илэрсэн тохиолдлын 1381 нь нийслэлд, 2299 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 247 399 болж нэмэгдэв. Дээрх хугацаанд 3 805 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 80 хүртэлх насны арван хүн нас барлаа. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 992 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 20 772 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 35 280 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Гэрээр эмчлүүлэгчид, ялангуяа залуус эмнэлэгт хэвтэхийг илүү үзэж буй ч орны хүрэлцээгүй тул хүсэлтийг нь хүлээж авах боломжгүй гэнэ. Гэвч халдвар авсан зарим залуу "Эмнэлэгт хэвтүүлэхгүй бол ална" хэмээн эмч нарын амь насанд заналхийлсэн тохиолдол гарчээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 13 643
- Хүндэвтэр- 5 248
- Хүнд – 1 547
- Маш хүнд - 284 хүн байна
Халдварын тархалт нэмэгдэх шалтгаан нь хүмүүсийн бөөгнөрөл үүсгэсэн арга хэмжээ, коронавирусийн дельта хувилбарын давлагаатай холбоотой гэдгийг мэргэжлийнхэн тайлбарлаж буй. Ийм иргэдийг хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, амны хаалтаа тогтмол зүүхийг санууллаа.