Эрүүл мэндийн яамнаас жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөл ба дархлаажуулалтын талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, "Жирэмсэн эмэгтэйчүүдийг халдвараас хамгаалах хамгийн гол арга нь дархлаажуулалт болохыг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөөд байгаа. Дархлаажуулалтад хамрагдсанаар дельта хувилбараас тодорхой хэмжээнд хамгаалж болно" гэдгийг онцоллоо.
Хамгийн ноцтой нь, өдөрт 30-40 жирэмсэн эх ковидоор өвчилж байгааг Эрүүл мэндийг яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр анхаарууллаа. Монгол Улсад жилд дунджаар 80 мянган эмэгтэй төрдөг бөгөөд одоогийн байдлаар 43 мянган хүн амаржсан аж. Гэтэл 6 мянга орчим жирэмсэн эмэгтэй, 5 мянга орчим шинэ төрсөн эх дархлаажуулалтад хамрагджээ.
Дархлаажуулалтад хамрагдсан хувь бага байгаа нь эрсдлийг улам нэмэгдүүлж байна. Халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор эхийн эндэгдэл нэмэгдсэнээр 100 мянган амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл нэмэгдэх хандлагатай болсон. Тиймээс нийт жирэмсэн эмэгтэйчүүд, шинэ төрсөн ээжүүдээ дархлаажуулалтад хамрагдахыг ЭМЯ-наас уриаллаа. Улмаар жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд хүндрэл, эндэгдлээс сэргийлэхээр Эрүүл мэндийн сайдын тушаалаар сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамруулж эхэлжээ.
Жирэмсэн эмэгтэйчүүд коронавирусийн халдвараар хүнд өвчилж байгааг нийслэлийн Өргөө амаржих газрын АУ-ны доктор, Клиникийн профессор, Зөвлөх зэргийн эмч Ш.Цэрэнсамбуу анхаарууллаа. Тэрбээр "Амаржих газрууд Улаан бүс буюу коронавирусийн халдвар авсан эхчүүдэд үйлчлэх тасгийг тусад нь гаргасан. Тухайлбал, "Өргөө" амаржих газар 30 ортой "Ковид-19"-ийн тасгийг ажиллуулж байсан. Гэвч эхчүүдийн дархлаажуулалтад хамрагдах байдал бага байсантай холбоотойгоор жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах халдварын тархалт ихэссэн тул орыг 80 болгож нэмэгдүүлсэн. Хэдийгээр коронавирусийн эсрэг вакцин нь сайн дурын үндсэн дээр хийлгэх ёстой ч жирэмсэн эхчүүд жирэмсний хоёрдугаар хагастаа заавал хамрагдах шаардлагатай байгааг хэлье. Учир нь коронавирусийн халдвар жирэмсэн эхчүүдэд ноцтой хүндрэл үзүүлж байна. Ялангуяа зүрх судасны өвчтэй, чихрийн шижин, таргалалттай болон элэг, бөөрний архаг өвчтэй эхчүүд амьсгалын дутмагшилд орж, ноцтойгоор хүндэрч байна. Цаашлаад амьсгалын замын дутмагшилттай холбоотойгоор дутуу төрөлт ихэслээ. Үүнийгээ дагаад кесар хагалгаа эрс нэмэгдэж, дутуу төрөлтөөс үүдсэн нярайн эндэгдэл ч өндөр боллоо. Тиймээс эхчүүд дархлаажуулалтад заавал хамрагдахыг хүсмээр байна. Үгүй бол цааш дараалсан хүндрэлүүд явагдах эрсдэл үүсээд байна. Энэ оны эхний долоон сарын байдлаар Өргөө амаржих газарт 5 800 эх амаржсан. Энэ нь өмнөх жилүүдийн мөн үеэс буурсан үзүүлэлт. Ингэхдээ хүүхдийн дутуу төрөлт, төрөхийн хүндрэл, нярайн эндэгдэл, эхийн ноцтой хүндрэл ихэссэн нь коронавирусийн халдвартай холбоотой байна. Тиймээс жирэмсэн эхчүүдийг заавал дархлаажуулалтад хамрагдахыг дахин дахин хүсэж, сануулах шаардлага гарч байна" хэмээлээ.
Мөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Ш.Алтантуяа коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан болон хамрагдаагүй ээжүүдийг хамруулан хийсэн судалгааны үр дүнг танилцууллаа.
Тэрбээр "Сүүлийн долоо хоногт КОВИД-19 халдварын тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдсэн. Тэр дундаа хүүхэд болон жирэмсэн эхчүүд халдвар авах нь нэмэгдэж байна. Нийт хүн амын 6.2 хувь нь өвдөөд байгаа. Эндэгдэл дэлхийн дунджаар 4.4 хувь байгаа бол манай улсад 0.42 хувьтай байгаа нь вакцины үр дүн гэж үзэж байна.
Жирэмсний хяналтад байгаа вакцин хийлгэсэн болон хийлгээгүй нийт 420 эхийг хамруулсан судалгааг хийсэн. Ингэхэд вакцины эхний тунг хийлгэсний дараа илрэх хариу урвалууд 45.8 хувьд 24-72 цаг, 47.2 хувьд 24 цаг үргэлжилсэн. Вакцины дараах цус бүлэгнэлтийн өөрчлөлтийг вакцин хийлгээгүй бүлэгтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаагүй байв. Мөн вакцинд хамрагдсан, хамрагдаагүй хоёр бүлэгт нийт жирэмсний хүндрэл бага өвчлөлийн тохиолдол ялгаагүй түвшинд байсан. Өөрөөр хэлбэл вакцин жирэмсэн эмэгтэйд хүндрэл, өвлөлийн эрсдэл үүсгэхгүй байна.
Судалгаанд оролцогчдын дунд "Ковид-19" халдвараар өвчилсөн жирэмсэн эмэгтэйчүүдийн дийлэнх буюу 73.6 хувь нь вакцинд хамрагдаагүй байсан. Вакцинд хамрагдаагүй бол халдварт өртөх эрсдэл 2 дахин өндөр байна гэсэн үг юм. Түүнчлэн судалгаанд оролцогчдын урагт хэт авиан шинжилгээ хийж, ургийн гажиг үүсэж байгаа эсэхийг харьцуулан судлахад хоёр бүлэгт ялгаагүй үр дүн гарсан" гэдгийг танилцууллаа.