Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 23 836 шинжилгээ өгсөнөөс шинээр 3963 хүнээс коронавирусийн халдвар илрэв. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1383 нь нийслэл хотод, 2580 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 3,560 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны найман хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 976 хүн эндээд байна.
Улмаар манай улсын нийт бүртгэгдсэн тохиолдол 240 042 болж нэмэгдэв. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 20,439 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 29,639 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж буй. Эмнэлэгт буй иргэдийн 13 771 нь хөнгөн, 5039 нь хүндэвтэр, 1363 нь хүнд, 266 нь маш хүнд гэсэн оноштойгоор эмчлүүлж байна.