2050 он гэхэд деменци буюу тэнэгрэх (зөнөх) өвчтэй хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгдэнэ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ.
Одоогийн байдлаар деменци өвчтэй 55 сая хүн байгаа юм. 2030 он гэхэд энэ тоо 78 сая, 2050 он гэхэд 139 сая болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Ийм өвчтөнийг эмчилж асрахад шаардагдах хөрөнгө ч бараг хоёр дахин нэмэгдэх аж. Деменцитэй хүмүүсийг дэмжих санхүүгийн зардал 2019 онд 1.3 их наяд доллар байсан бол 2050 он гэхэд 2.8 их наяд долларт хүрэх гэнэ.
ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адан Гебрейесус дэлхий нийтэд хандан оюуны олдмол хомсдолтой хүмүүст, тэр дундаа дэмжлэгтэй нэр төртэй, амьдрах боломжийг олгохын зэрэгцээ тэдгээр өвчтөнүүдийг халамжлан асарч байгаа хүмүүст туслах үйл ажиллагаагаа хамтран зохицуулахыг уриалав.
Деменци нь ихэвчлэн өндөр насанд ажиглагддаг бөгөөд хөгшрөлтийн ердийн шинж тэмдэг биш юм. Энэ өвчин нь тархи, ой тогтоолт, сэтгэхүй, зан байдалын доройтол бөгөөд хүн өдөр тутмын үйл ажиллагаа явуулах чадвараа алддаг хам шинж юм.