Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3 766 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн бол 3 175 иргэн эдгэрлээ хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Шинээр илэрсэн тохиолдлууд нэг нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 3 765 дотоодын халдвар гэнэ. Шинээр бүртгэсэн тохиолдлуудыг оруулаад улсын хэмжээнд коронавирусээр өвчилсөн нийт тохиолдол 236 079 болж нэмэгдэв. Өчигдөр илэрсэн тохиолдлын 1 271 нь нийслэл хотод, 2 494 нь орон нутагт бүртгэгджээ. Улмаар коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны зургаан хүн нас барав. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 968 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 18 941 иргэн эмнэлэгт, 28 890 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж буй. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн 12 473, хүндэвтэр 4 817, хүнд 1 396, маш хүнд 255 хүн байна. Халдварын тархалт эрчимтэй байгаа энэ үед иргэд олон нийтийн газраар аль болох явахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүн, хүн хоорондын зайгаа баримтлахыг эрүүл мэндийн байгууллагаас уриалж байна.