Их хэмжээний өлөн гэдэс болон зэсийг хил давуулахыг завдсан хэрэг Замын-Үүдэд гарчээ. Тус боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаныхан холбогдох байгууллагуудтай хамтран энэ сарын 23-нд экспортын хяналтын талбайг шалгах явцдаа ийм зөрчил илрүүлсэн аж. Хэрэгт холбогдогчид 5699 УБТ, 8511 УБИ гэсэн улсын дугаартай тээврийн хоёр хэрэгслийн нөөц дугуйнд адууны 574 кг өлөн гэдэс, 1.2 тонн зэс нуусан байсныг байцаагчид илрүүлж, Эрээн боомтод хүрэхээс өмнө хураан авчээ. Хатаасан өлөн гэдэс, ургамлын үрээс гадна зэс, алт зэрэг ашигт малтмалыг хууль бусаар өмнөд хөрш рүү гаргахыг завдсан хэрэг сүүлийн жилүүдэд цөөнгүй гарсныг дээрх албаныхан онцлоод, энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцож буйг хэллээ. Тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны жагсаалтад орсон энэ төрлийн түүхий эд (өлөн гэдэс)-ийг хилээр нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан бол барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж, хүнийг зуун, хуулийн этгээдийг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуультай.
Бэлтгэсэн Ж.Сувд