Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын III багийн нутагт орших Баянбулаг гэх газар Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн чиглэлд зорчиж явсан суудлын автомашин осолдож, нэг хүн нас барсан тухай дуудлагыг өчигдөр 10.43 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Авто замын зорчих хэсэгт болсон уг ослын хэсэгт Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид хоёр километр замыг туулан 10.47 цагт очсон гэнэ. Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн чиглэлд зорчиж явсан “Тоёота Королла” загварын суудлын автомашин, Дорноговиос нийслэлийн чиглэлд зорчиж явсан “Приус-30” загварын автомашинтай мөргөлдөж, “Тоёота Королла” загварын автомашины жолооч 38 настай, эрэгтэй төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байжээ.
Алба хаагчид зургаан минут ажиллан цогцсыг гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчид 11.00 цагт хүлээлгэн өгсөн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.