Нийслэлийн Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах зочид буудлаас өчигдөр орой гэр бүлийн хоёр хүн нас барсан байдалтай олджээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Нэр бүхий зочид буудлын ариун цэврийн өрөөнд хоёр иргэн амиа хорлосон байна" гэх дуудлагыг өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллагад ирүүлсэн. Уг дуудлагын дагуу цагдаагийн байгууллага хэргийн газарт ажилласан бөгөөд 30-32 насны М, Б нар өөрсдийгөө боомилсон байдалтай олдсон. Тухайн амь хохирогчийн хувьд эхнэр, нөхөр буюу гэр бүлийн хүмүүс гэдгийг тогтоов. Ямар шалтгааны улмаас амиа хорлох болсон талаарх мөрдөн шалгах ажил үргэлжилж байна. Амиа хорлосон иргэд гэрээслэл бичиж үлдээсэн, өр, зээлтэй холбоотой, эсэхийг нарийн шалгаж тогтоосны дараагаар мэдээлэл өгнө. Мөн хосуудыг амиа хорлоход нөлөөлсөн гадны ямар нэгэн дарамт шахалт байсан эсэхийг мөрдөн шалгаж байна. Амиа алдсан хосуудын гурван хүүхдийг асран хамгаалагчид нь хүлээлгэн өглөө " гэв.