Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.Иш-Ёндонд холбогдох, албан тушаалаа урвуулж, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа бүтээгдэхүүн худалдан авсан гэх хэргийг тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэжээ. Тэрбээр 2018 онд ЗДТГ-ын албан хэрэгцээнд “Тоёота прадо-120” загварын, зах зээлийн үнэлгээ нь 32 сая төгрөгийн үнэтэй автомашиныг 49.5 саяар худалдан авч албан тушаалаа урвуулан бусдад давуу байдал бий болгосон. Улмаар өөртөө хоёр сая төгрөг авсан хэрэгт буруутган АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгасан байна. Мөн 2016 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Дэлгэрцогт сумын Соёлын төвд таван сая гаруй төгрөгөөр үнэлэгдэх тоног төхөөрөмжийг 10 сая буюу зах зээлийн дунджаас дээгүүр үнээр авсныг тогтоожээ.
Дундговь аймгийн Прокурорын газраас Б.Иш- Ёндонд Эрүүгийн хуулийн 22.8-1.2 дахь хэсгийн “төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцээд нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жил хасан, 10.8 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, төрд учирсан 17.3 сая шахам төгрөгийг Б.Иш-Ёндонгоос гаргуулж, улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ.
Бэлтгэсэн Н.Орчлон