Манай улсын иргэн Т.Тэнгисийн нэр дээр АНУ-аас олон улсын шуудан илгээмжээр их хэмжээний мансууруулах бодис 2019 оны хоёрдугаар сард ирүүлснийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, гаалийнхантай хамтран илрүүлсэн юм. Тухайн үед цагдаагийн байгууллагаас “19-32 настай нэг эмэгтэй, хоёр эрэгтэйг их хэмжээний мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг тээвэрлэн Сүхбаатар дүүргийн нутагт явж байхад нь үйлдэл дээр нь дайчлан баривчилж, “мөс” хэмээх сэтгэцэд нөлөөт бодисыг эд мөрийн баримтаар хураан авсан. Эрүүгийн хуулийн 20.7.2 болон 18.5.3-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, дээрх гурван хүнийг саатуулан шалгаж байна” гэсэн мэдээлэл өгч байв.
Гаалийнхан ч “Монгол Улсын нэр бүхий иргэд улс хоорондын шуудан илгээмж ашиглан их хэмжээний буюу албан бусаар 500 сая орчим төгрөгийн үнийн дүнтэй метамфетамины төрлийн сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан. Уг үйлдлийг Гаалийн ерөнхий газар, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай хамтран таслан зогсоосон. Илгээмжийг Монгол Улсын нэр бүхий хүмүүс АНУ-аас захиалан авсан бөгөөд гаалийн хяналт шалгалтын явцад мансууруулах бодисыг илрүүлсэн” гэсэн юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Тэнгис гэх залуу мансууруулах бодисыг борлуулах зорилгоор хүлээн авсныг тогтоосон бөгөөд НПГ-аас түүнд “Сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн”, “мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна. Уг нь шүүх Т.Тэнгист холбогдох хэргийг өчигдөр хэлэлцэхээр товлосон ч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирэх сарын 16-нд хийхээр болжээ.
Бэлтгэсэн Г.Равжаа