Улсын дээд шүүхээс хэргийг нь дахин шалгуулахаар болсон УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан С.Баярцогтыг суллалаа. Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан өнгөрсөн сарын 19-нд болж түүнд холбогдох хэргийг тусгаарлан, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр НПГ-т буцааж, хэргийг прокурорт очтол С.Баярцогтод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Прокурор С.Баярцогтод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлүүлэх санал энэ хугацаанд шүүхэд гаргаагүй юм байна.
Харин С.Баярцогтын өмгөөлөгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлснийг өнгөрсөн баасан гарагт хэлэлцээд дээрх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн юм. Тэгвэл НПГ-аас С.Баярцогтын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах санал энэ үеэр гаргасныг анхан шатны шүүх хүлээн авсан байна. Ингэснээр өнгөрсөн баасан гарагт хорих ангиас С.Баярцогтыг суллаж, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авав. Шүүгчийн захирамжийн хэрэгжилтэд ХХЕГ-ынхан хяналт тавих аж.
г нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан гэх хэрэгт С.Баярцогтоос гадна Татварын болон Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” компанийн захирал байсан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал асан Д.Ганболд, Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга байсан Б.Бадрал нарыг буруутган шүүхээр шийдвэрлэсэн билээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Баярцогт тэргүүтэй албан тушаалтанд холбогдох хэргийг 2020 оны долдугаар сарын 17-нд хэлэлцээд С.Баярцогтыг эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргийг давтан үйлдсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө, орлогын эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаасан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, 10 жил хорих ял оноосон. Харин Б.Ариунсан, Б.Бадрал, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг албан тушаалаа урвуулан ашигласны улмаас хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт албан тушаал эрхлэх эрхийг гурван жил хасаж, дөрөв, Б.Ариунсан, Б.Бадрал нарт нэг жил зургаан сар хорих ял шийтгэсэн юм. Мөн С.Баярцогтоос гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлого болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн биет хөрөнгийг хурааж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн талаар бид цаг тухайд нь мэдээлсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх тэдэнд оноосон ялыг хөнгөрүүлж, С.Баярцогтын Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн орлогчоор ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан, эхнэр Ч.Нарантуяагийн хувьцаа эзэмшдэг нэр бүхий компаниудаар дамжуулж их хэмжээний орлого олсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг.
Дээд шүүхийн Эрүүгийн танхимд таван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр энэ оны тавдугаар сарын 19-нд хянан хэлэлцээд С.Баярцогтын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан хэргийг нэгтгэн зүйлчилж, нийтийн албан тушаалд томилогдох эрхийг гурван жил хасаж, дөрвөн жил найман сар хорих ялаар шийтгэхээр тогтоосон юм. Мөн С.Баярцогтоос 1.34 сая ам.долларыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх өдрийн төгрөгийн ханшаар тооцон гаргуулж улсын орлогод оруулах тогтоол баталсан билээ. Харин Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бямбасайхан, Б.Бадрал нарын үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэн хариуцлагаас чөлөөлсөн.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд хяналтын шатны шүүхийн шийдвэр гаргахад оролцсон хоёр шүүгчийн тусгай санал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, хяналтын шатны шүүх яллах дүгнэлтийн хүрээнээс хальж шийдвэр гаргасан, прокурор, шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ аль хуулийг хэрэглэснээ баталж чадаагүй, шүүх хурлаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж, С.Баярцогтод холбогдох хэргийг тусгаарлан мөрдөн байцаалтад буцаасан юм.
Бэлтгэсэн Г.Равжаа